04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Монгол Зураачдын Нүдээр (Featured Mongolian Artist)

Энэ удаагийн “Монгол Зураачдын Нүдээр”, авяаслаг залуу зураач Хашийн Сүрэнг танилцуулaхад маш их баяртай байна. Би түүний фотонуудыг олж харсан мөчөөс эхлэн надад гүн мэдрэмж төрсөн бөгөөд сонирхолыг минь татсан юм. Сүрэнгийн фотонууд бол маш өвөрмөц хэллэг, өнгөний сонголт, орон зайн мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн гэх мэт онцгой шинж чанарыг агуулсан. Түүний уран бутээлүүдийг хараxад, эхлэн суралцагч биш харин мэргэжлийн түвшинд xүрсэн мэт xарагдаж байлаа. Сүрэнгийн фотонууд өөрийн болон Монголын уламжлалт, орчин үеийн амьдралыг линзний дурангаар холин, дүрслэн амжилттай гаргаснаараа, ирээдүйн Монголын фото урлагийн нэгэн шинэ нүүр царай болохыг би үгүйсгэхгүй. Сайхан ярилцлага өгсөн Хашийн Сүрэндээ цаашдын уран бүтээлд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе! Уншигч та нар ч бас доорхи ярилцлаганаас урам зориг, эрч хүчийг аваасай гэж хүсье.

 

- Та өөрийнхөө тухай товч танилцуулна уу (боловсрол, та урлагийн чиглэлийг яагаад сонгосон , та анхны гараагаа яаж эхэлсэн бэ?)

-2007 Онд Улаанбаатар хотын тооны гүнзгийрүүлсэн “Сант” сургуулийг төгссөн. Анх биологч мэргэжлээр мэргэжиж цаашид шинжлэх ухаанаар явна гэж боддог байлаа, гэвч Америк болон Германд нийтдээ нэг жил суралцах явцдаа өөрийгөө урлагтай илүү ойрхон болгож чадсан бөгөөд бага байхаасаа эхлээд сонгодог урлагтай гэр бүлийнхэн маань илүү ойрхон өсгөж хүмүүжүүлсэн маань намайг урлагийн мэргэжил, урлагт хайртай болгох гарааг эхлүүлсэн юм болов уу. Хэдийгээр биолог урлагийн төрөл зүйлд ямар ч холбоогүй мэт боловч миний уран бутээлд шинээр санаа гаргаж ирэхэд маш ихээр тусалдаг зүйлсийн маань нэг болж чадсан. Аав маань анх намайг 8 настай байхад зураг авах талаар зааж өгсөн юм. Тэр үед хальсны аппараттай зураг авч эхэлсэн. Аавын хэлж өгсөн болоод урамшуулсан үгс нь фото зурагт илүүтэйгээр татаж оруулсан бөгөөд өнөөдрийн миний уран бүтээлийн маань гарааны нэг юм болов уу. Дан ганц фото зураг бус гар зурагт сургаж байсан. Анхны маань уран зураг 2008 онд ардын зураач Ядамсүрэн гуайн нэрэмжит уралдаанд шалгарч үзэсгэлэнд орж байсан.

 

-Таны уран бүтээлээ бүтээн туурвихад чинь нөлөөлсөн зүйлсүүдийн талаар товч хэлнэ үү?

-Бага байхдаа хийж байсан зүйлсээ харсан тэр үед их зүрх зурдаг байсан юм байна лээ…олон жилийн дараа буюу 2007 онд би Марлин Мансоний нэгэн дууний клипийг үзэж байгаад нэгэн зүрхийг харсан юм. Түүнээс хойш би эргэн маш олон зүрх зурж эхэлсэн. Магадгүй тэр дуу, тэр зүрх, тэр шүлэг намайг бүтээлээ туурвихад тусалсан буюу нэг ёсондоо намайг хөглөж өгсөн гэж хэлж болно. Мөн миний өөрийн маш том төсөөлөл болоод зүүдний ертөнцөд харсан тэр сайхан зүйлс, үгээр илэрхийлэмгүй тэр ер бусын мэдрэмж…

Харин фото зургийн хувьд бол бүхнээс илүү хайрлаж хундэтгэж явдаг аав маань болон Монголын фликэрсийн маш олон найзууд маань урам өгч илүү шинэлэг зүйлс хийхэд минь нөлөөлдөг.

 

-Ta өөрийнхөө бүтээлүүдээс болоод сэдвийнхээ талаар…

-Би өдөр бүр нэг зүрх зурахыг эрмэлздэг. Миний зүрхнүүд хааяа юу илэрхийлэх гээд байгаа нь ойлгогдож өгөхгүй болохоор нь орхичихдог. Хэсэг хугацааны дараа тэр надтай ярьж эхэлдэг гэх үү дээ.Сэдвийн хувьд орчлон хорвоо дээрхи агуу хайр болоод миний бяцхан дотоод ертөнц. Харин фото зургийн хувьд гэвэл энгийн болгоныг давтагдашгүй болгох…

 

-Ta ямар стилээр ажиллах дуртай вэ?

Одоохондоо дөнгөж суралцаж эхэлж байгаа учраас яг тэр гэж хэлэх нь оновчтой бус гэж бодож байна. Цаашдаа холимог техник болоод хийсвэр урлагийн чиглэлээр явья гэж бодож байгаа.

-Таныг уран бүтээлээ туурвихад чинь нөлөөлдөг гол хүчин зүйлсүүд юу вэ?

Одоохондоо дөнгөж суралцаж эхэлж байгаа учраас яг тэр гэж хэлэх нь оновчтой бус гэж бодож байна.Цаашдаа холимог техник болоод хийсвэр урлагийн чиглэлээр явья гэж бодож байгаа.

 

-Таны хүрье гэж байгаа цэг чинь юу вэ? Өөрийнхөө мөрөөдлийн талаар бидэнтэй хуваалцаач?

Зураач болох гэж байгаа хүмүүс ер нь урлагийн хүмүүс бүгд л алдартай болж өөрийн дотоод ертөнцийг ил гаргаж бусдад таниулахыг хүсдэг. Гэхдээ би өөрийн гэсэн энгийн нэгэн сайхан амьдралаараа энгийн хүмүүсийн дунд алхаж энгийн тэр амьдралаас хамгийн сайхан нандин зүйлийг олж харан түүнээсээ баяр баясгаланг мэдэрч амьдрахыг хүсдэг. Мэдээжийн хэрэг надад өөрийн гэсэн маш том мөрөөдөл бий. Нийгэм хөгжиж дэвшихийн зэрэгцээ би ч мөн алхам алхмаар ахиж мөрөөдлийнхөө оргилд хүрнэ. Харин тэр мөрөөдөл минь одоохондоо миний төсөөллийн ертөнцдөө үлдэж цаг хугацаа ирэх тусам хүмүүс миний ямар цэгт хүрэх гэж зүтгэж мэрийж мөрөөддөгийг минь аяндаа мэдрэх байх гэж найдаж байна.

Хашийн Сүрэнгийн фото зургийн цомирлогоос үзвэл, энд дарна уу.

Ярилцлагыг хийсэн:

Эрдэнэсүрэн Цогтсайхан

http://hilitehead.com


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.