04 сарын 19, Баасан
°C
USD 3,376.43
USD 3,376.43
EUR 3,606.36
JPY 21.88
GBP 4,211.08
RUB 35.83
CNY 466.39
KRW 2.46

Спорт олон улсын худалдааны нэг салбар болжээ

-Тамирчид сайхан амьдрахын тулд иргэншлээ сольж байна-
(Спорт сонирхдог хүмүүст их сонирхолтой сэдэв юмуу гээд орчууллаа. Зав гаргаад уншаарай)
Мохаммед Мархум бүр багаасаа л өрхийн тэргүүн болжээ. Жаахан дөрвөн хүүхдээ тэжээх гэж зүдэрч яваа эхдээ туслахын тулд долоон настай хүү цементээс авахуулаад бүхий л төрлийн ачааг хэдхэн зоосоор Марокко-Испанийн хилээр зөөж гаргадаг байв.

Нэг удаа ачаагаа зөөж явсаар орой хил хаах цагаас хоцорчээ. Испанийн нутаг дэвсгэрт байгаагаа ойлгонгуут Мохаммед хүү бусдаас илүү сайн хийж чаддаг зүйлээ хийжээ. Өөрөөр хэлбэл, байдаг хурдаараа гүйсэн аж. Хүү үеийнхнээсээ хавьгүй хурдан гүйдэг хэдий ч хил давж чадалгүй цагдаа нарт баригдав.

Испани хэл мэдэхгүй, дээр нь биедээ ямар нэг баримт бичиггүй байсан тул цагдаа нар түүнийг Испанийн залуучуудын төвд хүргэж өгчээ. Тус төвийнхэн хүүг байнга дарамтална. Эцэстээ гурван долоо хоногийн дараа Мохаммед уг төвөөс зугтаж гэртээ харьж чаджээ.

Тэр цагаас хойш 13 жил өнгөрсөн ч Мохаммед гүйсэн хэвээр. Онцлог нь цагтаа оргосон тэр л улсынхаа нэрийн өмнөөс гүйж байгаагаар барахгүй холын зайн гүйлтийн төрлөөр Испанидаа тэргүүлэх тамирчны нэг болж 2012 оны Лондонгийн Олимпийн алтан медалийн төлөөх гол өрсөлдөгч гэгдэж явна.

Мохаммед одоо 20 настай. Тэр өндөр, туранхай, бас булчинлаг. Мадридын их сургуулийн дэргэдэх Испанийн бэлтгэл, сургуулилтын алдартай төвд түүний амьдралын олонх хоног нь өнгөрдөг. Ядуу тарчиг амьдралаас Испанийн спортын од болсон түүний амьдралын түүх домог мэт сонсогдох авч дэлхийн спортод ийм түүхтэй алдартнууд олон байдаг. Хөгжиж буй орнуудын авьяаслаг цагаач залуус авьяасаа иргэншлээр солих нь цөөнгүй гарах болж.

Тамирчид улсынхаа далбааг солих нь Олимпийн тоглолт шиг эрт үеэс улбаатай боловч энэ үзэгдэл газар авсаар байх боллоо. Мэдээж хэрэг, тамирчдыг хууль ёсоор цагаачлуулдаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ зарим тохиолдолд авьяасыг улаан цайм “худалдаж” авч байгаа нь харагддаг. Зарим орны Засгийн газар хөнгөн атлетикийн тамирчдад улсынхаа иргэншлээ хэдхэн хоногт (зарим хүн хэдэн жил хөөцөлдөөд ч авч чаддаггүй.Орч) шийдэж өгсөн байдаг биз дээ. Тэдэнд сайхан ирээдүй, мөнгө амалдаг болохоор ийм саналаас олонх нь татгалзаж чаддаггүй нь үнэн. Тэгээд ч даяаршлалын үр дүнд тэднийг цагаачилж ирсэн тамирчин уу эсвэл тамирчин болсон цагаач уу гэдгийг ялгахад бэрх болж. Үүний нэгэн адилаар тухайн улсын Засгийн газар ямар тохиолдолд үнэхээр хүн чанар гаргаж тэдгээр тамирчдад иргэншил олгож байна вэ, харин ямар үед нэр алдар, медалийн тооны төлөө хууль бусаар өрсөлдөх боломжийг олж авч байна вэ гэдгийг танихад бэрх боллоо.

“Өнөөгийн энэ систем хэдийгээр тийм ч сайн эд биш боловч харамсалтай нь түүнийг сайжруулна гэдэг нь бүр ч хэцүү асуудал байгаа юм” гэж профессор Денис Освальд үзэж байна. Освальд бол Биеийн тамирийн олон улсын судалгаа шинжилгээний төвийн захирал бөгөөд Олон улсын Олимпийн хорооны гишүүн нэгэн юм. “Гадны тамирчдад иргэншил олгох явдал нь шударга зүйл биш л дээ. Гэвч асуудлыг үүнээс өөрөөр шийдэх боломж одоогоор алга. Улс орнууд иргэншлээ хэнд олгохоо өөрсдөө мэддэг учраас бид яаж ч чадахгүй байна. Үүнийг асуудал болгож тавих хэрэгтэй. Бид уг нь тухайн тамирчны тус улсад хэдэн жил амьдарснаар нь босго тавихаар тооцоолж байсан. Гэтэл үүнийг шалгах хэцүү юм билээ. Учир нь хөнгөн атлетикийн тамирчид удаан хугацаагаар олон оронд бэлтгэл сургуулилтаа хийх шаардлагатай тулгардаг” гэж тэрбээр тайлбарлав.

Монакод байрладаг Олон улсын хөнгөн атлетикийн холбоодын нэгдэл (International Association of Athletics Federations, IAAF)-ийн мэдээллийг үзвэл 1998 оноос хойш жил бүр хөнгөн атлетикийн дунджаар 25 тамирчин иргэншлээ сольдог аж. Тэд цагтаа төрөлх улсаа төлөөлж олон улсын тэмцээнд оролцож явж байгаад иргэншлээ сольсон хүмүүс юм. Харин төрөлх улсаа төлөөлж байгаагүй ч өөр орны иргэншил авсан хүн хэд байгаа бол. Энэ талаар буюу дэлхий дээр хөнгөн атлетикийн хэдэн тамирчин иргэншлээ сольж байгааг хэн ч сонирхон судалдаггүй юм байна.

Нийтлэлийн гол баатар Мохаммед яг л ийм тамирчин. Тэрбээр төрөлх Марокко улсаа хэзээ ч төлөөлж байгаагүй. Мань эрийг хүүхэд байхдаа Испанийн залуучуудын төвд нэг хэсэг амьдарч байгаад гэр рүүгээ зугтсан тухай дээр өгүүлсэн. Гэтэл шорон шиг тэр газраасаа зугттал түүнээс ч долоон дор амьдрал угтан авсан гэж Мохаммед ярив. Тиймээс дараагийн удаа хүү цагаачлалын албаны цагдаа нарт санаатай баригдаж нөгөө шорон шиг газар руугаа дахиад хүргэгджээ. Энд байх нь түүнд ямар ашигтай болохыг таамаглахад бэрх байсан хэдий ч сая сая марокко хүүхдүүдийн мөрөөддөгөөр эцсийн дүндээ Европ руу гарах зам нээгдэнэ гэдэгт найдаж байсан аж.

Ингээд тус төвдөө биеийн тамирийн бэлтгэл сургуулилт хийж, тэмцээнүүдэд оролцож ялалт байгуулж эхлэв. 2009 онд түүнийг Испанийн нэг дасгалжуулагч олж харан улсынхаа сургуульд шилжүүлэх зөвшөөрлийг хөөцөлдсөөр олж авчээ. Мохаммед өнгөрөгч сард болсон Испанийн үндэсний тэмцээний идэрчүүдийн ангилалд 10 мянган метрийн гүйлтийн төрөлд өрсөлдөж бариандаа нэгт ирсэн. Мөн 4 000 метрийн бөөн гараагаар гүйж бас л нэгдүгээр байранд орсон.

Испанийн иргэн болох түүний хүсэлтийг тус улсын хөнгөн атлетикийн холбоо ч бас дэмжсэн аж. Уг нь хуульд зааснаар бол Мароккогийн цагаач нар тус оронд 10-аас доошгүй жил амьдарсан байх ёстой. Харин түүний дасгалжуулагч Луис Мигель Ланда Испанийн паспортыг нь хурдан авахыг эрмэлзэж байгаа нь дөрөвдүгээр сард болох тэмцээнд яаравчлан оруулахыг хүссэндээ тэр. Энэ сарын тэмцээнүүдэд Мохаммед өндөр амжилт үзүүлбэл Испанийн шигшээ багт орох боломжтой болох юм.

“Энэ их ярвигтай асуудал. Тамирчин бүр өөрийн гэсэн түүхтэй. Тэднийг хооронд нь ялгаж салгахыг чадлаараа л оролддог. Хэн нь авьяасынхаа хүчээр иргэншил авсан тамирчин бэ, харин хэн нь спортод амжилт үзүүлсэн цагаач вэ гэдгийг ялгаж үзэх хэрэгтэй” хэмээн Ян Хафнер ярьж байна. Ян бол Английн Ноттингемд хуульчаар ажилладаг нэгэн бөгөөд спорт, иргэншлийн сэдвээр эрдмийн ажил бичиж байгаа нэгэн юм. “Энэ асуудлыг шийдэх нэгдсэн дүрэм журам гэж байдаггүй. Үүнийг далимдуулан зарим орон иргэншилтэй холбоотой асуудлыг маш хурдан хугацаанд шийддэг болсон. Швейцарийн иргэншлийг олж авахын тулд 12 жил хэрэгтэй байдаг. Харин Францын хувьд бол арай өөр. Тус улсад өөрийнх нь ашиг сонирхолд нийцсэн хүмүүст иргэншил олгох тухай тусгай хууль бий. Харамсалтай нь уг хууль тамирчдад ч бас үйлчилдэг юм” гэж тэрбээр нэмж хэллээ.

Гол төлөв Ойрхи Дорнодын орнууд “авьяас” худалдан авдгаараа алдартай. Катар, Бахрейн хоёр дэлхийн түвшний тамирчдад өөрийн иргэншлээ улаан цайм хэдхэн хоногийн хугацаанд шийдэж өгч байсан билээ. Франц улс 1998 оноос хойш хөнгөн атлетикийн 41 гадаад тамирчинг өөрийн болгосон. Эдгээр тамирчид цагтаа төрөлх улсынхаа өмнөөс тэмцээн уралдаанд оролцож явсан хүмүүс. АНУ-25, Испани-21, Канад 11 тамирчинд иргэншлээ олгожээ. Харин Катар-7, Бахрейн дөрвөн тамирчинд иргэншлээ олгосон гэж IAAF-аас мэдээллээ.

Нэгэнт үүнийг зохицуулах нэгдсэн дүрэм журам, хууль гэж байдаггүй учраас эсрэгээрээ өөрсдийн тамирчдаа бусад оронд “алдах” явдал бас гардаг. Тухайлбал, Америкийн хөнгөн атлетикийн 22 тамирчин бусад орны иргэншлийг авсан бол ОХУ-21, Кени-18, Марокко-16, Куба-13 тамирчнаа “алджээ”. Харин Испанийн нэг ч тамирчин бусад орон руу “урваагүй” байна.

Испани улс Мароккогоос цагаачилж ирсэн хөнгөн атлектчиддээ Олимпийн найдвараа тавиад байна. Эдгээр тамирчдын дунд Мохаммедийн найз Абдельазиз Мерзуги бас багтдаг. 15 настайдаа 600 евро төлж пиг хүнтэй салаар Атлантын далайг гаталсан эр. Энэ талаар дурсахдаа тэрбээр “Би тэр үед Испанийн эрэгт хүрч чадахгүй гэдэгтээ итгэлтэй байлаа” гэнэ. Мерзуги 2010 оны Европын хөнгөн атлетикийн идэрчүүдийн тэмцээнд Испанийн нэрийн өмнөөс оролцож анхны алтан медалиа авсан юм. Насанд хүрээгүй байсан болохоороо Испанийн иргэншлийг авахад нэг их хүндрэл учраагүй аж. Дасгалжуулагч нь ч зүтгэл гаргаж түүний баримт бичгүүдийг хурдан янзалж өгөх талаар “дээгүүр” жаахан гүйсэн гэнэ.

Мерзуги Мароккогийн өмнөд хэсэгт орших Гулимин хотод гэр бүлийнхнээ орхиод иржээ. Тэгээд 29 настай найз Аяад Ламдассемийн замаар замнасан гэнэ. Аяад бол бас л Испанийн нэрт тамирчин. Тэрбээр Португалид болсон Европын гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг Испанид авчирсан нэгэн. Мароккогийн эрэг дагуух Сиди-Ифни хотын уугуул Аяад анх Испанид 2002 онд Мароккогийн залуучуудын хөнгөн атлетикийн шигшээгийн бүрэлдэхүүнд иржээ. Эцэст нь багийнхаа хоёр гишүүнтэй хамт Испанид үлдэхээр шийдсэн аж. Өдгөө тэр эхнэр, хоёр хүүхэдтэй хүн. Ирээдүйтэй тамирчин гэж үзсэн дарга даамлуудын ачаар Испанийн иргэншлийг тавхан жилийн дотор авч чадсан нэгэн.

Аяад Испанийг авьяастнууд “худалдан авагч” орон гэж үздэггүй. “Бүх юм бидэнтэй л холбоотой. Бид өөрсдөө л энэ улсад ирдэг. Тус улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхтэй болсон хэн бүхэнд ар гэрийнхнээ сайхан амьдруулах, өөрсдөө суралцах, ажил хийх нөхцөл бүрддэг. Харин Мароккод бол өөр. Чи хэдий авьяастай байсан ч бэлтгэл сургуулилт хийхээс цаашгүй. Тэгээд хэн ч биш байсаар насыг үддэг юм” гэв.

Гэхдээ ингэтлээ “шинэ амьдрал” руу тэмүүлэх хэрэг байна уу. Цаанаа гэр бүл, шашин соёлоо, хэлээ умартан Алтантын далайг салаар гатлан байж зорьж ирэх шаардлага бий гэж үү. Нийтлэлийн гол баатрууд маань эдгээр асуултад “Тийм шаардлага байна” гэж итгэлтэй хариулж байгаа хэдий ч нутгаа санагалздаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. “Үндэс угсаанаасаа тасрах их хэцүү юм билээ. Гэвч ядууст сонголт байдаггүй юм” гэж Мохаммед тайлбарлав.

Андрэс Кала

Эх сурвалж:

http://www.csmonitor.com/World/2011/0408/Global-sports-trade-athletes-hurdle-national-borders-for-a-better-life

 

 


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.