• 1200x160 banner 01
Нэвтрэх / Бүртгүүлэх
  • orloo-mn325x115-pic3
  • Mongolian-As
  • lado1
  • lado2
  • lado3

Топ зарууд

Тодотгосон зарууд

Онцлох зарууд

Нэгдсэн гүрний нийслэл орчимд амьдрах монголчууддаа зориулж монгол дуутай кароке нээжээ, нэг сэтгүүлч эрхэм. Тэр авхаалжтай эрхэм сэтгүүлчийн нээж ажиллуулсан караокегийн буянд караоке гээч юманд Бадарч амьдралдаа анх удаа орж үзэв. Караоке гэдгийг бол урьд нь зөндөө дуулсан, телевиз, киноноос ч бас зөндөө л харсан биз, ер нь бол нэг иймэрхүү юм байдаг гэсэн төсөөлөл, орчин үетэйгээ аль болох хөл нийлүүлэхийг эрмэлзэж явдаг Бадарч-д аль хэдийнэ байсан ч анх удаа тэр караоке гээч-д яг өөрөө орж үзсэн нь бас л их сонин сайхан зүйл болов. Ухаалаг эрхэм сэтгүүлч ирсэн зочдыг их л ялдам сайхан угтах нь теле-нэвтрүүлэг дээрээ гардаг шиг л тун аятайхан сэтгэгдэл төрүүлнэ. Түүний байгуулсан монгол караоке хэмжээ дамжаагаар багахан цомхон ч үй олон монгол дуутай, хэдэн найзтайгаа цуг очсон Бадарч өөр өөрийнхөө дуртай дуугаа уралдан захиалж дуулсаар нэг үдшийг тун ч таатай өнгөрөөв. Караоке! Дандаа сайхан монгол дуу! Караоке! Дандаа сайхан монгол дуутай монгол караоке! Америкийн нийслэл орчимд! Хэчнээн сайхан! Үгүй, ямар сайхан ухаалаг шигээ ямар лут авхаалжтай, хөдөлгөөнтэй эрхэм бэ, тэр сэтгүүлч!? Энэ харь газар амь зуухын тулд нэг ажил хийж байгаа даа. Тэгээд хажуугаар нь 7 хоног бүр шинэ, шинэ нэвтрүүлэг хийж, Америк, Монголгүй цацна. 7 хоног тутам шинэ, шинэ нэвтрүүлэг гараасаа гаргана гээд бод доо, та нар. Тэгээд бас караоке байгуулна. Ажиллуулна. Ямар их эрч хүч вэ? Хэний төлөө вэ?  Биднийхээ л төлөө шүү дээ. Тэр хар, Бадарч амьдралдаа ганцхан удаа караокед орж үзсэн атал караокед өнгөрүүлсэн тэр үдэш шиг тийм амттай сайхан цаг мөчийг ойрд эдлээгүй санагдана. Бусад караоке ямар байдгийг бүү мэд.

Монгол караокед Бадарч найзуудтайгаа хамт нэг жижгэвтэр өрөөнд өөд өөдөөсөө хараад суух юм. Хоёр микрофонтой. Мэдээж бас өсгөгчтэй. Хаашаа ч харж суусан нүдэнд ил хоёр гурван ч дэлгэцнээ эх нутгийг нь санагдуулсан танил дотно монгол дуунуудын үг нь гарахын хамт ая нь хангинаад эхэлнэ. Тэгээд, хэрэв тэр дууг Бадарч захиалсан бол Бадарч микрофоноор гоцлон дуулна.
Хархан нүдтэй нутгийн хөөрхөн бүсгүй еэ хө
Харсаар суугаад залуу насаа үдэх нь ээ, би
Цэл залуу насныхаа гал дөлөөр
Сэтгэл зүрхэнд минь мөнхөрч дээ, чи...
гээд л. Бадарч ч, найзууд нь ч энэ хорвоо, энэ амьдрал арга, билгийн зохилдлоготой гэдгийг хаа очиж сайн мэдэх тул хэрэв тэр дууг Бадарч захиалсан бол нөгөө нэг микрофоныг нь Дулмаад бариулж, харин Алимаагийн захиалсан дуунд хоёр дахь микрофон нь Чойжилд оногдох жишээтэй. Бадарч захиалсан дуу болгоноо хэн нэг эмэгтэйтэй хоршин бөгөөд гоцлон дуулаад л. Сэтгэлд нэн тааламжтай. Ай амьдрал сайхан. Караоке сайхан. Америкийн нийслэлд Монголдоо байгаа юм шиг монгол дуугаа эгшиглүүлэн хадаах монгол караоке юутай сайхан. Бадарч, оргилуун идэвхтэй Чойжилийгоо дуурайгаад, микрофоноо бариад суух биш, бүр босч зогсч байгаад дуулж хүртэл үзэв. Даанч тэр жижгэвтэр караокед тайз болоод өөр дээр нь тусах гэрэл байсангүй нь л нэг жаахан тиймхэн. Гэвч тэр үдэш Бадарч сэтгэлдээ үргэлж тайзнаа, боссон ч, суусан ч өөр дээр нь үргэлж “гэрэл тусаастай” байсан билээ. Ёстой юу үнэн бэ гэвэл энэ үнэн шүү.
Амьдралдаа анх удаа караокедсэн тэр үдэш Бадарчийн сэтгэлээс салдаггүй ээ. Бадарч их л караокесэг болов. Караокедэе л дээ гэж амьтан хүнийг ятгаад л. Ерөөсөө яагаад ахин дахин караокедэж болохгүй гэж?! Манай монголчууд бие биенээ дэмждэггүй, бид нэгнийгээ дэмжих хэрэгтэй гээд л шаазгай шиг шаагилдаад байдаг биш билүү. Хөөрхий, тэр эрхэм сэтгүүлч караокегээ сурталчлаад л гүйгээд байдаг ш дээ. Өөрийгөө мэдэхгүй, бас хүнийг хөөрхий гэнэ үү, юү гэнэв. Тэр чадалтай эрхмийн дэргэд Бадарч юусан билээ. Хэн сэн билээ. Ёстой л өөрөө хөөрхий бус уу. Тийм ээ, тэр телевизийн нэвтрүүлэг 7 хоног бүр бүү хэл насандаа ганцыг ч хийж чадахгүй биз. Караоке байгуулж ч чадахгүй. Гэвч чадах юм Бадарч-д бас зөндөө бий. Ганц нэгээр тогтохгүй чаддаг зүйлсээ бас нэгээр нэмэгдүүлж яагаад болохгүй гэж. Шаазгай шиг дэмий шагширч суухын оронд монгол караокедээ монголчуудаа аль болох олноор аваачиж биднийхээ төлөө зүтгэж яваа тэр эрхэм сэтгүүлчийн ач тусыг багахан ч болтугай хариулж яагаад болохгүй гэж. Зүгээр Бадарч маань “караоке Бадарч” болтлоо караокед “зүтгэв”. Бадарчийн чаддаг юмны нэг нь олонтой, найзтай, бусдыгаа уриалж зоригжуулж зохион байгуулж чаддаг болох нь энд тодров. Тэр,

Америкд анх ирээд танилцаж байсан хуучны андуудаасаа аваад сүүлийн үеийн танилуудаа хүртэл, хамт рүүммет байсан нөхдөөсөө аваад “хашаанд” нэг дор ажиллаж байсан андуудаа хүртэл, өөрийнхөө нутаг Дундговь аймгийнхаа “ах дүүсээс” аваад ээжийнхээ нутаг Өвөрхангайнхныг хүртэл, нийслэл Улаанбаатарынхаа бол 40 мянгатынхнаас нь аваад Долоон буудлынхныг нь хүртэл бүгдийг нь хуу уруу татаж, лут зохион байгуулж, зад караокедуулав. Та нар бод доо, манай Бадарч бүр Вашингтон орчмын монголчуудын сүмийн гишүүдийг хүртэл караокед хоёр ч удаа оруулсан гээд л та нар бодчих. Ямар вэ дээ, Их Эзэн Есүсийг магтан дуулахаас өөр юм мэддэггүй улсыг хоёронтоо караокедуулчихаж байна ш дээ, цаана чинь. Нөгөөдүүл нь нууц амрагийн тухай гингэнэн дуулж байхдаа Есүсийгээ лав тэрхэн үедээ бол мартсан нь дамжиггүй. Гэвч тэр хэзээ ч энэ олон хүнийг танай караокед би л авчраад байгаа юм шүү дээ гэж эрхэм сэтгүүлч-д ганц удаа ч ган хийсэнгүй нь эр хүн гэдэг чинь ийм сайхан чадалтай, эрч хүчтэй мөртлөө бас ийм аятайхан төлөв даруу байх ёстойг тэр чадалтай сэтгүүлчээс олж харсных болов уу. Ингэж караокегээр амьсгалж, амьдарч явахдаа манай хүн бас нэг караокечин, дуулдаг гэвэл ч зүгээр юм уу, эмэгтэйтэй орйтож танилцав. Дуулсан дуу нэг, дурлалцсан сэтгэл нэг бүсгүйтэй болоод манай Бадарч “Эр морь таргалавч арьс үл язарна, эр хүн баярлавч магнай үл хагарна” гэдэг үнэн болохоор л өдийд магнай нь бүтэн явна.
Дурлалт дууч бүсгүй нь Бадарч-д америк караокед очих санал тавьснаар мань эр монгол караокегээсээ нэг хэсэгтээ байтугай хөндийрсөн билээ. Америк караоке хэд хэдэн онцлогтой. Ди Си-гийн төвд машинаа тавих зай олоход хэцүү тул тэр хоёр тийшээ метродоно. За энэ ч яахав. Америк караокегийн хамгийн гол онцлог нь, хамгийн гоё нь тайзтай. Тан дээр тусах улаан, ногоон, шар, хөх, цэнхэр гэрэлтэй. Хоёр нь микрофонтой, бусад нь микрофонгүй, зэрэгцэж сууж байгаад, оргилуун Чойжил босч зогсч  байгаад хоолой нийлэн дуулахгүй. Дуулах хүн дуугаа захиалаад тайзнаа, өөр дээр нь тусах улаан, ногоон гэрэлд, бүр болоогүй ээ, нэг төгөлдөр хуурч, хоёр гитарчин, нэг сакс, нэг тромбон, нэг хийл, нэг аргил хийл, контрбасс гэдэг байх аа, нэг бөмбөрчин бүхий хамтлагтай, бүр чуулга ч гэмээр юм уу, дуулна гээч. Өөрөөр хэлбэл Та ганцаараа концертийн тайзнаа гоцлон дуулна гэсэн үг. Хэн ч Таныг дагаж хамаагүй солгой буруу хоолойгоор хашгирч бархирахгүй. Концерт гэдэг үг эстрад гэдэг үг шиг л хоцрогдчихож уу. Тэгвэл рок-поп шоуд дуулж байгаа юм шиг гэе.  Ди Си-гийн төвд орших америк караокед морилогсод нь яг л манай Бадарч, Бадарчийн маань шинэхэн сэтгэлт хонгор хоёр шиг л тайзнаа, улаан ногоон гэрлийн тусгалд хөгжмийн чуулгатай хамт дуулахыг хүсэгчид голдуу байна. Угаасаа бодож сэтгэх, зохион байгуулах увьдастай төрсөн Бадарчийн маань толгой дор нь ажиллаж, монгол дуутай СиДи авчирч, караокегийн эзнийг болоод эзний мэдэлд ажиллах хөгжимчдийг таньж мэдэхгүй алс холын Монгол хэмээх улсын сонин содон аялгуу дууг хөгжимдөж сурахыг ятган чаджээ. Бадарчийг “Монголоос ирсэн” гэхээр “Wow!” гээд л дуу алдацгаагаад байдаг нь Барууны соёл иргэншлийн хуурамч илрэл бас ч 100 хувь арай ч биш байх гэж боддог байсан нь энд батлагдаж, Монгол хэмээх холын этгээд сонин хачин ертөнц, тэр ертөнцийн өвөрмөц сайхан уянга төгс аялгуу, аль аль нь америк караокегийн эзэнд ч, хөгжимчдөд ч нөлөөлж, дээр нь бас тэр эзний толгой Бадарчийнхаас ч дутахгүй ажилладаг аж. Лхагва гарагийн үдшийг Бадарч нарын ази дууны үдэш, Пүрэвт салвадор, мексик, перу, боливи бүгдийг нь нийлүүлээд испани үдэш, хамгийн орлоготой Баасан, Бямба, Ням гарагаа англи, америк дуундаа үлдээгээд ажиллаж гарсан чинь орлого нь ч ихсээд, ордог улс нь ч нэмэгдээд ирэх шиг. Энэ үеэс Бадарчийн Монголын талын бүргэдийнх шиг хурц нүд нэг америк цагаан (арьст) бүсгүй дээр байн байн эрхгүй тусаад байх болов. Гэвч үүнийг эрхэм уншигч абугай нар минь, манай баатрыг дараачийнхаа дурлалтай учрав гэж андууруузай. Зүгээр л өөрийн эрхгүй нүд унагамаар сайхан хүүхнүүд хаа сайгүй байдаг даа. Тэр сайхан амьтны нүд, хөмсөг, сормуус ... Олон жилийн өмнө сургуулийнх нь охид онц сурлагатан Цоодолыг “том алаг нүдтэй залуу” гэж ирээд л ярьдаг байсныг одоо бодоход алтан толгойноосоо гадна алаг нүдээрээ гайхуулдаг Цоодолын нүд америк хүүхний том цэнхэр нүдний дэргэд онийсон онин бууз болохыг манай Бадарч хэчнээн эх оронч гэлээ ч аргагүй хүлээн зөвшөөрч байв. Бас манай нэг од хүүхэн: “Би сормуусаараа гайхуулдаг. Сормуус минь ер нь их ургамхай шүү” гэснийг шар сониноос уншсанаа санаад Бадарч тэр цагаан хүүхний ёстой л дэвүүр шиг дэрвэсэн сормуусыг харах тоолон ямар ч гэмгүй нөгөө монгол од хүүхний өмнөөс нь ичиж үхэхээ шахах бүлгээ. Тэр их дэвүүр сормуусттай мань Бадарч хааяа боловч харц тулдаг, бүр толгой дохидог болж ирээд анх удаа нүүр тулж ярьсан энэ ярианаас үүдэж би энэ өгүүллэгийг бичсэн тул өгүүллэг маань одоо хүртэл дуусахгүй, сунжраад л яваад байгаа нь энэ л дээ.

-    Та өнөөдөр дуулах уу? гэж Бадарч эр хүн гэсэндээ эхэлж үг өджээ.
-    Үгүй ээ, би дуулахгүй.
“Та дуулдаггүй юм уу?” гэчихвэл басамжилсан ч юм шиг болчих гээд, ийм сайхан амьтан байдаг, бас ч гэж нэвт шувт таньж мэдтэл өдий Барууны соёл иргэншил гээч бас их хэцүү өндөр даваа байдаг, хажуугаар нь ганц үг хэлчихээд таг болчих хэцүү, хэцүү юм яасан ч олон юм бэ дээ гэж бодсон шүү эг маг гэж зогстол ашгүй тэр гоё хүүхэн өөрөө ам нээж:
-    Би энд дуулах гэж ирдэггүй гэв.
“Тэгээд Та яах гэж ирдэг юм бэ?” гэж Бадарч монголоороо эхэлж сэтгээд үүнийгээ англиар илэрхийлэх гэж:
-    Ahh … oh … why are you … гэж гар хуруугаа сарвалзуулан ангалзаж байтал хэл гэдэг харилцааны хамгийн чухал хэрэглүүр мөн ч бас ч гэж цорын ганц хэрэглүүр биш тул түүний их л соёлтой байдал үзүүлэхийг оролдон гар хуруугаа сарвалзуулан англиар буруу зөрүү хэлж ангалзахыг хараад дэвүүр сормууст хэлэх гэснийг нь бүрнээ ойлгож:
-    Энд би энэ хүмүүсийн тэнэгтэхийг харах гэж ирдэг юм (How they fool themselves…) гэж тоомжиргүй агаад ихэмсэг хэлжээ. Осолдохгүй яг ингэж хэлснийг манай баатар толгой тог, дотор яг ойлгов. Тэрхэн мөчид Бадарч-д маань яг ямар сэтгэгдэл төрснийг би хэлж чадахгүй нь. Харин эрчүүлийн амьдралд, тэдний амжилт, ялалт, уналт, ер нь юм бүхэнд нь эмэгтэйчүүд асар их нөлөөлдөг гэж сэтгэлзүйчид, социологичид, зохиолч нар, тэр ч бүү хэл түүхчид, за ер нь их л олон янзын судлаачид нэгэн дуугаар баталцгаадаг нь яг үнэн юм билээ. Талын Монголын бүргэд шиг хурц хараат, америк цагаан арьст, дэвүүр сормууст, том цэнхэр нүдэн хоёрын яриа цаашдаа хэрхэн өрнөсөн, ер нь өрнөсөн үү, үгүй юү, бүү мэд. Яг тэр мөчид “караоке” Бадарч маань “караоке” Бадарч биш болсон юм. “Караоке биш” Бадарч болсон.
Яг одоо тэр дурлалт бүсгүйгээ хөтлөөд Файрфаксын Ice Arena хэмээх дээвэртэй мөсөн гулгуурын талбайд тэшиж явна, нисч явна. Ice Arena монгол караоке ч биш, америк караоке ч биш тул дуунд дуртай, дуулах ч дуртай дурлалт хос маань:
-    Сайхан сарнай минь дэлбээлж гүйцээд
Саруулхан талаа чимиглэн ургажээ ...
Өө, хайрын минь ганц сарнай
Өр зүрхэнд минь дэлбээлээч дээ ....
гэж амандаа намуухнаар аялан дуулсан шиг америкийн хиймэл мөсөн дээр хөтлөлцөнхөн тэшиж явна.
Амьдралд “караоке” олоон.

Л.БАТБАЯР
8 – 20 – 2011.