• 1200x160 banner 01
Нэвтрэх / Бүртгүүлэх
  • Mongolian-As
  • orloo-mn325x115-pic3
  • lado1
  • lado2
  • lado3

С.Б.Бат-Эрдэнэ

 

1073812 299199960225590 748774423 o

Топ зарууд

С.Б.Бат-Эрдэнэ бичлэгүүд

Ангилал:С.Б.Бат-Эрдэнэ  

Онцлох зарууд

...Хүүхэд гэхэд сонин байлаа ч
Хүний чихэнд содон дуулдлаа ч
Наадаж өссөн багын нөхөд минь
Насаараа нэгэндээ ангийн хүүхэд ээ... \Дуунаас\

Миний ухаан орсон цагийн хамгийн анхны дурсамж “Уаа уаа уаа” –гаас буюу ясли руу орохоос эхэлдэг юм. Ээждээ, бас аавдаа \Гэхдээ энэ нь тун ч ховор үзэгдэл\ ихэнхдээ том ахдаа үүрүүлээд хөвөнтэй хар уутанд зогсоогоороо үүрүүлж явсаар зуун айлын урдхантай байх ганц давхар “Г” хэлбэрийн ягаан өнгийн шавар байшингын хаалгаар ороход л бөөн майлаан дунд орон өөрийн эрхгүй даган баясаж “Уаа уаа уаа” найрал дуунд хоолой нэмэрлэн хойморын хананд байх яг л миний муу ээжийг зурчихсан юм уу гэмээр үсээ пигүүждэн буржийлгаад шил дарам тайрсан Мэрилэн Монрорхуу загвартай үстэй хирнээ улаан торгон дан дээл бүхий тэр л үеийн Монгол залуухан ижийнүүдийг дүрсэлсэн, хүүгээ тэврэн ахуй тосон будгийн зураг руу “Миний ээж, намайгаа яг одоо авчихдаггүй л юм байхдаа...” гэсэн горьдлогоор харсаар баруун урд зүгийн мухарт байх ангидаа ордогсон.
Яг хэдэн нас, хэдэн сартайгаасаа явсаныг яг таг мэдэхгүй ч ямар боловч тэр яслид хоёр жил орчим майлсан юм болов уу даа. Дараа нь яслид зөнөгдөөд шат ахин цэцэрлэгт нэг жил орчим суусан юмдаг.

“Суусан юмдаг”... Лайтай ярьж байна уу? Бодвол цаана нь дахиад 3-4 жил суух ёстой л байсан байх л даа. Цэцэрлэг маань бас л “Зуун айл”- ын баруунхантай байх орон сууцны хоёр давхар байрнуудын дунд байх уурын зуухны арын хоёр давхар дүнхэр цагаан байшинд байх. Уурын зуухны хажуугаар гарах болгондоо халтайсан хар галчаас нь айна гэж нүгэл. Ээ дээ, нэг л аймаар хар халтар хувцастай нүүрсэн хүнээс сүнсээ зайлтал айдаг байсан даа. Ангийн багш маань Оролмаа багш. Яслийн багшыг бол пялаад миний анхны багш Оролмаа. Яслийн багш нараа санъяа гээд ч ёстой нэг санадаггүй юм. Ямаршуухан төрхтэй, ямар янзын ааштай, ямар хүмүүс байсныг чөтгөр бүү мэд. Харин арай ухаан орсон цагийн маань цэцэрлэгийн багш Оролмаа багш маань янзын зөөлөн зантай, ёстой гоё нүд дүүрэн инээмсэглэсэн гоё багш. Хожим нь холбоочин болчихсон төв шууданд сууж байхад нь санаандгүй таарчихаад нэг их гайхаж билээ. Багш маань ч намайг, би ч багшаа хараад л танисан юмдаг. Гэхдээ энэ маань бүр дунд ангийн сурагч болчихсон би нэг үеэ бодвол томоос том эр болчихсон тэр үедсэн. Анхныхаа багштайгаа тэгэхэд хуучилсан гэж байгаа. Яг юу хуучилсанаа сайн санадаггүй ч хожим нь төв шуудан орох болгондоо багштайгаа заавал уулздагсан.
За тэгээд цэцэрлэгт ганц жил суугаад хугацаанаасаа хамаагүй өмнө “суллагдлаа”. Аймаар ярьж байна уу? Зүгээр л энгийн наргиа шүү дээ. Суллагдах болсон шалтгаан маань доороо дүү дагуулсаных. Дөнгөж дөрөвтэй том агаа дүүгийн даавуу угаахаар цэцэрлэг гээчийг орхисон нь тэр байж. Өвөлжин ээждээ ойр зуурхан тусалж, түлээ нүүрс оруулах, дүүгийн баасыг хусах, даавуу угаах гэгээд бяцхан биедээ ахдсан ч юм уу, таарсан ч юм уу \Бодвол өөрт минь таарсан л ажил байсан байж таараа\ ажилтай ухнадсаар урин дулаантай золговоо.

Өдөржин гэрт хоригдсон бяцхан хоригдолд орой ах эгч нар ирэхээр чөлөө олдоно. Орой ч юу байх вэ, одоо бодвоос үдээс хойш хоёр, гурав гэгээд л хоёр том эгчийн маань хэн нэг нь ирээд л бяцхан Баагийгийн нэг өдрийн албан ажил дуусдаг байсан аж. Энэ үед л хорвоотой гэж том яриад ч яах вэ, зүгээр л орчинтойгоо, хашаатайгаа, хавь орчинтойгоо танилцах бяцхан аялалд анх удаа гараад арын хашааны өөрийн үеийн нэгэн нурамгар шар охинтой анх танилцав аа. Хоёр салаа хүрэндүү өнгийн гэзгээ модойтол нь сүлжиж улаан өнгийн туузаар цэцэглэн боосон монхордуу хамартай дуугүй шар охин байх аж.
-Хүүе жаалаа, нааш ил дээ. Хоёулаа тоглох уу? Намайг Бат- Элдэнэ гэдэг, чамайг хэн ингэдэг юм бэ?
-Намайг уу? Намайг Налаа, Налантуяа гэдэг... Ийнхүү хоёр хэлгий туучийнууд анх удаа хашааны завсраар танилцсан юмдаг. Тэр цэцэрлэгт явдаг аж. Бодвол харъяаллааараа манай цэцэрлэгт л явдаг байсан байлгүй. Намайг цэцэрлэгт явдаггүйг гайхан, цэцэрлэгийн сайхныг магтан дуулна. Харин би өөдөөс нь цэцэрлэгээ төгсчихсөн, одоо бол дүүгээ харж байгаа том ах гэдгээрээ гайхуулна. Өнөөх чинь орой болгон авдаг баавгайтай чихэр, өдөр иддэг амттай гоё хоолоо гайхуулна. Харин би нэрэлхсэндээ өдөр болгон бууз, хуушуур, банштай цай идэж ууснаа гайхуулан шүдээ чүдэнзний модоор чигчийлж хэлбэрдэнэ. Нэг удаа түүнээс аав, ээж хоёр нь юу хийдгийг асуувал “Манай аав, ээж хоёр бишээ. Ах, эгч хоёр” гэхэд гайхан “Танай аав ээж хоёр хаачсан юм бэ?” гэвэл Нараа маань “Би өнчин л дөө” гэхэд ихэд гайхан “Өнчин гэж юу гэж байгаа юм бэ?” хэмээн сониучирхвал ч “Аав, ээж нь бүр хэзээ ч эргэж ирэхгүй холын хол явчихсан хүүхдийг хэлдэг юм аа” гээд эгээ л нэг том хүн шиг нэг их гүн хэнгэнэтэл санаа алдсан нь яг л өчигдөр мэт сэтгэлд хадгалагдан үлджээ. Ээж нь Нарааг маань төрүүлээд өнгөрсөн, ээжийгээ огт харж байгаагүй, харин аав нь “Ийм, ийм, ийм хоногын өмнө ажилдаа яваад эргэж ирээгүй” хэмээн бяцхан гарынхаа арван хурууг хэдэнтэй дохиж үзүүлсэн нь одоо бодох нь ээ ойрмогхон л өнгөрсөн байж дээ.
Хэзээ яаж, хэдийд нь гэрлэж бараалсанаа яг таг санадаггүй ч нэг л мэдэхэд бид хоёр эхнэр, нөхөр болчихсон байсан юм. Сонирхолтой нь хашааны хоёр талаас ханилан нийлсэн хоёр. Манайх гээч айл юм юмтай, нэг хүү хоёр охинтой өнөр айл болсон байлаа. Том хүү маань Сүх нэртэй чихмэл бамбарууш, түүний дараагын охин маань өрөөсөн нүд хялар \гээгдчихсэн\, буржгар шар үстэй цэнхэр нүдтэй Ирийнаа, бага охин маань өөрсдөө “төрүүлсэн” зурмал даавуун нүүртэй өлгийтэй хүүхэд Таня байлаа. “Эх орон-52” транзистор буюу хүлээн авагчтай, “Кварц” зурагт араажавтай, гурвын гурван арслантай авдартай, гурвын гурван “Хоёр зуугын цагаан ортой”, ташуу оройтой гэрийн хувцасны шакаап \щкаф\ -тай орчин үеийн под хийсэн айл байлаа. Энэ бүх тавилгыг мэдээж аав өөрөө модны өөдсөөр уралсан юмдаг. Аав Батаа хоёр чиргүүлтэй “Зил-164” маркын монхор ногоонтой холын тээврийн жолооч, бас аминдаа “Газ-67” авто машинтай, бяцхан пийдаал, ээж Нараа маань улсын ударник, оёдолчин ажилтай нэгэн халуун ам бүл хашааны хоёр талд бүтэн гурван зун аж төрсөн дөө. Аав заримдаа ажлаа тараад “арван гурав дахиа” авлаа ч юм уу, аваанз буугаадаа гэсээр халамцуу “орж ирэн” жаал үглүүлж тархидуулна. Тархидуулсан уурандаа муу том хүү Сүхийгээ барьж аваад алган боов хүртээж, ээж өмөөрөөд бөөн юм болно.
Амьдралд байдаг л бяцхан зөрчил хирнээ миний өөрийн орги амьдралаас нэг л өөр болохоор гайхна гэж юу гэх вэ. Би ч багын хэтэрхий хөдөлгөөнтэй, томчуулын нүд жирэлзүүлсэн гялалзуур туучий байсхийгээд л алган боов хүртэх гавъяа байгуулчихаад аавдаа ч юм уу, эсвэл ээждээ навсайтлаа тоосоо гөвүүлнэ л дээ. Харин тэр үед нөгөөх нь дээрээс нь нэрмээд, нэмээд гөвөөд өгнө үү гэхээс биш яагаад ч өмөөрдөггүй байтал “авгай” маань хүүхдээ нэвт шувт өмөөрдөгт үнэн сэтгэлээсээ гайхна л даа.
Аавын ажил арай эрт тардаг, авгайн ажил орой тарна. Аав ажлаасаа ирчихээд муу авгайгаа хүлээгээд байшингын арын сүүдэрт заримдаа даарч бээртлээ шүлсээ гойжуулаад унтаад өгөх ч тохиолдол байх. Авгайгаа тэгж их тэсэн ядан хүлээх нэгэн шалтгаан байсан нь цэцэрлэг тарахад өгдөг баавгайтай чихрийн тал нь “албан ёсоор” надад ирдэг байж дээ. Хэрвээ цагаан голтой хорин дөрвийн чихэр бол яг тал нь буюу ирээд хуваадаг байж.

 

Харин “Баавгайт”, “Улаан малгайт”, “Хэрэмт” гэх мэтийн дотроо печеньтэй эс бөгөөс бүр томроод “Каракум” буюу гучын чихэрнүүд ирвээс миний хувь үлэмж багасчихсан ирэх бөгөөд хөөрхий минь муу авгай маань хэзээ ч бүр оргүй хоосон ирж байгаагүй юмдаг. Бодвол гоё чихэр ирсэн өдөр тэсэлгүй задалчихаад хэмлэж явсаар арай ч дуусгалгүй тэсээд гүрийгээд жаахан ч гэсэн үлдээдэг байж дээ. Ерөнхийдөө эхнэр бид хоёрын хамт байх хугацаа хавар, намрын урин дулаан цаг. Яг зун нь бол манайх гээч айл зусланд гараад явчихна. Харин намар зуслангаас буухад муу нурамгар шар эхнэртээ самартай зун бол хэдэн боргоцойтой, эсвэл ганц сокны шил ч атугай гүзээлзгэнэтэй ирнэ.
Ингэж явсаар бас нэгэн өвөл өнгөрлөө. Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан хоёр дугаар оны хавартай золгож “авгайтайгаа” уулзах баярт өдрийг тэсэн ядан хүлээж байсан тэр үед гэнэтхэн нөгөөх чинь сурагч болвоо. “Бэлтгэл анги” гэдэг юманд сурах юм гэнэ. Би болон манай нурамгар шар эхнэр бид хоёр чинь анхны бэлтгэл ангийн сурагчид байлаа. Урьд өмнө огт дуулдаагүй тэр бэлтгэл анги гээч юм нь орой хичээллэнэ гэхээр Нараатайгаа уулзах хөг ч өнгөрлөө л дөө. Ингээд нэг л өдөр гоёлын ганц гонжуумаа өмсөөд гялгар уутанд дөрвөлжин болон гурвын ташуу хоёр дэвтэр, балын болон будгын харандаа, аавын маань зорж өгсөн 10 ширхэг савхыг хийж аваад ээжтэйгээ гарч өглөө. Арван жилийн 3-р дунд сургуульд сурах аж. Уг нь манай эгч нар бүгд Жанжин Д. Сүхбаатарын нэрэмжит 2-р арван жилд сурдаг болохоор би тийшээ л явах юм бодсон үгүй аж.
Гурвын гадаа очоод ээж маань хэсэг хүүхдүүдийн дунд намайг зогсоогоод “Энэ миний хүүгийн сурах анги” гэлээ. Сурагч болж байгаа том хүн эргэн тойрноо сониучархан харж байтал “Пөөх, миний муу нурамгар шар авгай” тэнд өөр ангийн хүүхдүүдтэй хамт зогсож байх аж. Аав шууд авгайнхаа дэргэд гүйж очоод зогсчихов. Ингээд хоёулаа хөтлөлцөөд ангидаа орчихоод байж байтал хэрэг манддаг юм. Яасан гэхээр би өөрийн хувиарлагдсан ангидаа ороогүй сураггүй алга болчихсон аж. Муу ээж маань үе тэнгийн, нэг доорын хэдэн ээж нартай хушуу холбож ахуйд өнөө Баагий чинь авгай эргүүлээд өөр ангид яваад орчихсон ажгуу. За тэгээд авгай бид хоёрыг салгах юм болоод, авгай бид хоёр яасан ч салахгүй юм болоод бөөн дайн, бөөн уйлаан, майлаан болон байж яаж зохицуулсаныг бүү мэд, ямар ч байсан авгай бид хоёр нэгэн ангидаа үлдлээ. Бодвол манай ээж, Нараагын эгч хоёр болон хоёр ангийн багштай хэлэлцээр хийж зохицуулсан юм болов уу даа.
Тэр цагаас хойш долоон намар бид хоёр мөр зэрэгцэн сургуулийн алтан босгоор алхаж, долоон жил нэгэн ширээнд тохой нийлүүлэн суусан даа.
Анхны “А” заасан ачит багш маань Тогоо гээд зөөлөн ааштай, намуухан дуутай багш байлаа. Гуравт ордог жил багш маань өөрчлөгдөн, дэвтэрт тавьдаг сургуулийн хаяг маань ч өөрчлөгдөн 3-р сургууль биш “Нийслэлийн арван жилийн 57-р сургууль” болон өөрчлөгдөн ангиараа шинэ сургуулийн сурагчид болов. Шинэ багш маань Орломжав гэгээд чанга хатуу багш тааран хүүхдүүдийг шинээр суудалд хувиарлан суулгахад нөгөө Баагий чинь “Би Нараатай л сууна, өөр хэнтэй ч суухгүй!” гэгээд тас гүрийчэхдэг юм. Тэгсэн багш хэлж байнаа. Чи тэгвэл манай ангид битгий суу гэнэ. Нөгөө хэнэггүй гар чинь “Өө тэгье, цэцэрлэгийг орхиж болсон юм чинь, сургуулийг ч гэсэн орхичихъё” гэнэ үү хэнэггүй гараад туусан гэж байгаа. Шатаар уруудаж явтал араас пижигнэтэл гүйх чимээ гархад гайхан эргэж харвал ангийн атаман “Тэмээ Болд”, хоёр дугаар атаман Бажгаа \Батжаргал\ хоёр гүйж ирсэнээ намайгаа баривчилж аваад буцаагаад анги руу оруулаад муу авгайгын маань хажууд суулгачих нь тэр. Энэ чинь л ялалт байхгүй юу.

Анхны багш Тогоо багшаас бусад хожмын анги даасан багш нар дандаа хатуу гартай, чанга зантай багш нар байсан ч дээрхи үзэгдэл дахин хоёр удаа давтагдсан юмдаг. Дөрөвт ордог жил Нямжав багш, тавд ордог жил Бямбаа багш анги дааж аваад суудал хувиарлахад нөгөөх чинь гүрийдэгээрээ гүрийж харин тэр бүрийд ангийн андууд маань шинэхэн багш нарт маань учирлан хэлсэнээр бид хоёр долоон жил тохой нийлүүлэн суусандаа. Тэр үед хүүхдүүд эр эмээр нь нийлүүлж холбож шоолж бөөн юм болдог хирнээ яагаад ч юм Нараа бид хоёрыг тоож холбож шоолдоггүй байсан нь үнэхээр гайхалтай. Нэгээс гурав хүртлээ өглөө, оройгүй хоёулаа хөтлөлцөөд л гарч өгдөг байсан бол арай жаахан томрон дунд ангид орсоноос хойш хоёул жаал хөндийрч Нараа маань ангийн охидуудтай, би хөвгүүдтэйгээ нийлдэг болсон гэж байгаа. Гэхдээ хоёулаа ер нь л үргэлж хамтдаа байдаг байсан даа.
Би чинь 1-3-р ангидаа онц, 4-т сайн, 5-6- даа дунд, 7-8 даа бүр муу руу орсон хүн. Харин Нараа маань эсэргээр муугаас онц руу шилжсэн хүн. 1-3 таа би Нарааг дааж авч байсан бол 5-7 д Нараа намайг дааж авсан болохоор хүссэн ч эс хүссэн ч хамтдаа байсан л юмдаг. Бас дээр нь “Багшаа, энийгээ хараа!”- гүй өдөр ер нь л байгаагүй дээ. Нэг мэдэхэд л өөрт нь мэдэгдэлгүйгээр гэзгийг нь задлан суудлын түшлэгтэй холбоод уячихна. Өнөөх чинь босч ирээд л гэзгэндээ татагдан “Ёо ёо” дуулан хойш унах. Хоёр, гурав татагдаад л хашир суун гэзгээ барьж үзээд босдог болсон гэж байгаа. Гэхдээ л яаж ийгээд хөөрхөн шоглох аргаа олчихно.
Дурсгалын дэвтэр гэж нэг юм байдаг байлаа. Дунд ангид орсон жил буюу 4-р ангид ороод манай ангийхан дурсгалын дэвтрийн хөдөлгөөн өрнүүлэхэд би Нараагын, Нараа миний дурсгалын дэвтрийн анхны зочин болдог юм. Сонирхолтой нь уг дэвтэрт түүний бичсэн, миний бичсэн хоёр ямар адилхан агуулгатай байсан гэж санана аа, гайхалтай адилхан агуулгатай дурсгал үлдээсэн байсан юмдаг.
...Царс модон ширээ элэгдэх нэгэн цагт
Цайлган хүүхэд зан огцрох тэрхэн мөчид
Ариун нандин нөхөрлөлийг юунаас ч илүү эрхэмлэн
Алаг зүрхний угаас үерхэл гэж бичнэм... гэсэн дөрвөн мөртөөр эхлээд “2000 онд” хэмээх зөгнөлд тэр намайг “Хөдөлмөрийн баатар” холын тээврийн жолооч хоёр хүү, хоёр охинтой Сансарт есөн давхар байшингын долоон давхарт гэртэй \Энэ ч биелсэн мөрөөдөл шүү. Манайх 15-р хороололд есөн давхарын долоон давхарт зургаан жил амьдарсан нь үнэн түүх\ бөөн гавъяа шагнал болсон амьтан болгоод, би түүнийг мөн л “Хөдөлмөрийн баатар” мөн л дөрвөн хүүхэдтэй болсоноор зөгнөн бичиж байсан ч насан багын эхнэр Нараагаа одоо хаана, ямаршуухан амьдарч явааг нь үнэндээ мэдэх юм алга даа. Хамгийн сүүлд гучин нэгэн жилийн тэртэй ТМС-ийн нэгээ төгсөж ирээд талбай дээр хальт тааралдаад өнгөрсөнөөс хойш ер тааралдсангүй.
Уг нь манай ангийн андууд бид хоёрыг

...Аглаг хангайн цэцэгтэй
Адилсанхан ургаа юу
Ангийн олон биднээс
Арай дотно болчихжээ

Хоёул өргөх тоононд чинь
Нарны гэрлийг урьяа
Хойморт залах зочид чинь
Хурмийн чинь өдрийг хүлээнээ... хэмээн боддог байсан ч ангийнхаа андуудын тэр их итгэлийг хөсөрдүүлэн, салъяа гэж салдаггүй салаа замын эрхээр нэгэнтээ алсран одож, долоо төгсөөд би өөр сургуульд шилжэн суралцаж, хүний амьдралын жам ёсоор өөр өөрийн замыг хөөсөөр нэгэнтээ гучин нэгэн жилийг үджээ. Харин шал эсэргээр манай ангийн хоорондоо жинхэнэ дайсагналцдаг байсан хонь, чоно хоёр болох Цоомоо, Алтай хоёр маань ангиасаа нийлсэн цорын ганц хос болсондоо.
Муу аав, ээж маань ч амьд сэрүүн ахуйдаа насан багын найз Нарааг маань манай бэр гэж өхөөрддөг, ах эгч нь ч манай хүргэн хэмээн намайг дууддаг, бид хоёр ч тэр л ёсоор нь хорвоог хамтдаа туулах юм шиг боддог байсан ч үгүй л байсан ажгуу.
Миний анхны эхнэр Нараа минь, чи минь хаана явна вэ? Чиний минь амьдрал ямар байна даа?
Ай яа, насан багын андууд минь, би та нарыгаа ямар ихээр үгүйлнэ вэ?
Ай яа, насан багын андууд минь, хаалгыг минь тогшооч, насан багын андын чинь хаалганы дугаар Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.


Хүлээн авч соёрхоно уу.

Сартуул Б. Бат-Эрдэнэ. Япон, Унаками 2012-03-01