03 сарын 19, Мягмар
°C
USD 3,376.29
USD 3,376.29
EUR 3,677.79
JPY 22.64
GBP 4,301.73
RUB 36.69
CNY 469.06
KRW 2.53

МОНГОЛД - 1 Банк санхүү

zaluus

Зээл. Энэ үг нэг үе шууд “Өр” гэж толгойд буудаг байж билээ.

Гадаадад (АНУ) өргүй хүн байдаггүй гэхэд бараг л хилсдэхгүй. Бүгд л өр тавьж байр байшин, машин унаанаас авхуулаад бүхий л тавилга, хувцас хунар гээд хэрэгцээний ихэнхийг лизинг буюу өр тавьж авна. Тэгээд л өрөө төлөх гэж өөрийн бүхий хүч чадал, мэдлэг боломжоо ашиглан ажиллана.

“Энэ хөрөнгөтнүүд олон жил хүн боолчилсоор байгаад бүр сурчихсан юмаа. Одоо үед ч гэсэн хүнийг өрөнд хатааж, ямар ч гарцгүй болгон зарах аргаа олчихож. Өр гэдэг чинь дээр үеийн гав гинж, ташуур юм шив” гэж анх би хар ухаанаар боддог байснаа нуугаад яахав. Гэтэл зээл нь орчин цагийн амьдралын хэв маяг аж. Тэр тусмаа бүр сайхан амьдралын хэв шинж гэдэг нь тодорхой болж байх шив дээ. За тэр миний гайхах яахав. Манай банкнууд лизингийн болон моргейж буюу орон сууцны урт хугацааны зээлийг олгодог болоод нилээд хэдэн жилийг үджээ. Нэг үеэ бодвол манайхан энэ үйлчилгээг ойлгож, зээл авахдаа ч дуртай болж. Тэгээд гадаад суугаа Монголчууддаа хэрэг болох болов уу гэдэг үүднээс “зээл”-ийн араас шогшиж хэд хэдэн банкны хаалга татлаа. Мөн зээл хөөцөлдөж байгаа хүмүүстэй ч уулзлаа. Эхлээд зээл хөөцөлдөж байгаа хүнтэй уулзсанаа сийрүүлье. Иргэн Ш, Е нар нь хамтран амьдарч буй залуу хосууд юм байна.

БЭ (Орлоо.инфо):   Та хоёр нууц биш бол зээл чинь хэрхэн бүтэж байгаа талаар яриач. Гадаадад байгаа Монголчуудад бодит мэдээлэл хүргэх гэсэн юм л даа. Нэрийг чинь бүтнээр нь оруулахгүй байж болно.

Ш: Бололгүй яахав. Мэдээлэл дутмагаас маш их цаг алддаг. Бид Голомт банхинд хандсан. Голомт банк нь Орон сууцны зээл, “Залуу гэр бүл”-д зориулсан орон сууцны зээл, Амины орон сууц худалдан авах зээл гэсэн гурван төрлийн зээл өгч байгаа. Бид хоёр “Залуу гэр бүл”-д зориулсан зээлийг хөөцөлдөөд бараг авч байна.

БЭ (Орлоо.инфо):   Зээл хөөцөлдөхөд хэцүү, бэрхшээл байна уу? Манайхан юм хөөцөлдөх түүний дотор зээл хөөцөлдөнө гэхээр толгойтой үс арзайдаг шүү дээ.

Ш:   Үгүй яахав дээ. Зүгээр өгчихнө гэж юу байхав. Наашаа цаашаа нилээн явсан. Хамгийн гол нь ямар ч банк буцаж төлөгдөх нөхцөлийг их шалгадаг юм байна. Тэгэхээр ажилтай байх, урьдчилгаа өгөх, орлоготой байх гээд залуу хүмүүст хүндрэлтэй хэрнээ заавал байх ёстой шаардлага тавьсан.

Е:   Хамгийн хөгжилтэй нь заавал гэр бүл байх ёстой. Тэгээд бид хоёр яаруу сандруу бүртгүүлчихсэн (инээв).

БЭ (Орлоо.инфо):   Тэгвэл зээлээр далимдуулаад гэнэтийн том шийдэлд хүрчээ дээ?

Ш:   Зээлэндээ ч гол биш л дээ. Бид бие биедээ хайртай. Амьдралаа холбохоор шийдээд байр хөөцөлдөж байсан болохоор хэн хэн маань дуртай шийдсэн. Хэрвээ эргэлзэж байсан бол зээл цаашаа л байсан байх (3-уулаа инээлдэв)

БЭ (Орлоо.инфо):   Амьдралаа холбосонд мөн зээл бүтсэнд баяр хүргээд сайн сайхныг хүсье. Хожмоо анх байр авч байсан тухайгаа хөгжилтэйгөөр дурсах юм байна.

Ш:   Тийм. “Зээл” зориг оруулдаг гэж бодох болсон шүү.
Би тэдэнтэй ярилцаж суухад дээрх үг их таалагдсан. Бас “зээл” зорилготой ч болгодог юм байна гэж бодсон шүү. Бидний яриа үүгээр дууссан. Тэдний харцанд ирээдүйдээ итгэх итгэл цацарч байсныг хэлэх хэрэгтэй байх. Дээрхи хоёр залуугийн араас би Голомт банкинд хандан Залуу гэр бүлд олгох орон сууцны зээлийн талаарх товч мэдээллийг авснаа хавсаргалаа.


Голомт банкны “Залуу гэр бүл”-д зориулсан орон сууцны зээл


Залуу гэр бүл орон сууц худалдан авах, орон сууцны нөхцөлөө сайжруулахад нь зориулан олгох урьдчилгаа төлбөр бага, хугацаа урт зээл юм.

Тавигдах шаардлага:

    Зээлээ эргэн төлөх тогтмол орлоготой байх;

    Орон сууц худалдан авах зайлшгүй эрэлт, хэрэгцээтэй байх;

    Нийт шаардагдах санхүүжилтийн 20-оос доошгүй хувийг өөрөө санхүүжүүлэх чадвартай байх;

    Зээл хүсэгч нь тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа 1-ээс дээш жил тогтвор суурьшилтай ажилласан байх, хувиараа бизнес эрхэлдэг бол түүнийгээ 1-ээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх;

    Шинээр ашиглалтад орж буй барилгаас орон сууц худалдан авах бол уг байр ашиглалтад орсон, улсын комисс хүлээн авсан байх;

    Гэр бүлийн хоёр гишүүн хоёулаа 35 хүртэл насны байх;

    Зээлийн барьцаа нь тухайн худалдан авч буй орон сууц байна.

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ                            100,0 сая төгрөг хүртэл

Зээлийн сарын хүү                         1.75% /Урьдчилгаа төлбөр 20-29 хувь төлсөн тохиолдолд/

                                                   1.7% /Урьдчилгаа төлбөр 30-49 хувь төлсөн тохиолдолд/

                                                   1.6% /Урьдчилгаа төлбөр 50 буюу түүнээс дээш хувь төлсөн тохиолдолд/

Урьдчилгаа төлбөр                      20%

Зээлийн хугацаа                             20 жил хүртэл

Зээл олголтын шимтгэл                  Зээлийн дүнгээс 1.0%

Урьдчилж төлвөл                          Торгуульгүй

Зээлийн даатгал                             Барьцаа хөрөнгийн даатгал, Зээлдэгчийн амь насны даатгал хийлгэх ёстой

Өргөдлийн хураамж                        10 000 төгрөг

Yндсэн төлбөрөөс чөлөөлөх            Эхний 3 сард чөлөөлж болно

Бүрдүүлэх материал:

    Гараар бичсэн зээл хүссэн өргөдөл/;
    Цахим үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /Хамтран зээлдэгчийн хамт/;
    Гэрлэлтийн баталгааны нотариатаар батлуулсан хуулбар;
    Оршин суугаа газрын тодорхойлолт /Хамтран зээлдэгчийн хамт/;
    Ажлын газрын тодорхойлолт, Yүнд: Овог нэр, албан тушаал, ажилласан жил, цалингийн хэмжээ болон бусад нэмэгдэл урамшууллыг оруулж бичнэ /Хамтран зээлдэгчийн хамт/;
    Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар /Хамтран зээлдэгчийн хамт/;
    Хөдөлмөрийн гэрээний хуулбар /Хамтран зээлдэгчийн хамт/;
    Хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд;
    Зээл хүсэгчийн өөрөөс санхүүжүүлэх урьдчилгаа төлбөрийг нотлох баримт;
    Шинээр ашиглалтад орж буй барилгаас худалдан авах бол орон сууц захиалгын гэрээ, урьдчилгаа төлбөр төлсөн баримт;
    Зах зээлээс орон сууц худалдан авах бол тухайн орон сууцны ҮХЭХБГэрчилгээний хуулбар, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, барьцаанд буй эсэх УБЕГазрын лавлагаа;
    Өрхийн гишүүдийн нэр дээр УБЕГазраас үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа;
    Хамтран зээлдэгчийн хамт тус бүр хоёр хувь цээж зурагтай ирж банкнаас өгөх анкет бөглөнө;
    Зээлийн өргөдлийн хураамж төлсөн баримт;
    Бусад шаардлагатай бичиг баримтууд.

Бусад мэдээллийг доорх линкээр орж үзээрэй.

 

Бусад банкууд орон сууцны зээлийг чухам хэрхэн яаж өгдөг бол?

Ялангуяа гадаадад суугаа Монголчууд маань хэрхэн зээл авах вэ?


Энэ мөрөөр хэд хоног явж зарим холбогдох хүнтэй уулзав.
Хас банкны Хэрэглээний санхүүгийн хэлтэсийн ажилтан Х.Баясмаатай ярилцлаа:


БЭ (Орлоо.инфо):   Хас банк гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа ямар үйлчилгээ явуулж байгаа вэ?

Х.Б: Манай банк гадаадад суугаа Монголчууддаа зориулж хоёр төрлийн үйлчилгээг өнгөрсөн он буюу 2012 оны 4-р сараас эхлэн явуулж байгаа.

Манайхан хүний нутаг ажиллаж олсон мөнгөө найдвартай хадгалах талаа янз бүр байдаг. Зарим нэг хүн аав, ээж хамаатан садандаа хадгалуулдаг ч тэр нь тийм ч 100 хувь найдвартай байх тал дээр дутмаг байдаг. Үүнээс болж ах дүү нарын хооронд мөнгөний асуудал үүссэн тохиолдол бишгүй бий.

Манай энэ үйлчилгээг хамгийн энгийнээр хугацаатай хадгаламж гэж ойлгож болно. Гэхдээ гадаадаас энэ дансыг нээснээрээ та өөртөө санхүүгийн “сайн” түүхийг үүсгэх давуу талтай. Энэ дансыг нээж сар бүр тогтмол мөнгө байршуулснаар та төлбөрийн чадвартай гэдгээ харуулж банкинд итгэл үнэмшил төрүүлнэ. 

zurag-8

Мөн “сайн” түүх нэгэнт үүсчихсэн учир та орон сууцны зээлэнд хамрагдахдаа бага хүүтэй зээл авах боломжтой. Нэгэнт таны санхүүгийн (эргэн төлөх) чадвар танигдсан болохоор банк танд итгэнэ.

Миний мэдэхээр бусад банкнууд ийм үйлчилгээг хараахан явуулаагүй байна. Энэ үйлчилгээг анх нээгдсэн цагаас нь эхлэн маш олон хүн сонирхон соргогоор хүлээн авч байгаа. Гадаад оронд ажиллаж, өндөр орлого олж байх үедээ эх орондоо байр оронтой болох, түүнийхээ мөнгийн төлөөд барагдуулахсан гэх хүмүүс олон байдгийг бид судалгаагаар тогтоосноор энэ үйлчилгээг нээсэн.

БЭ (Орлоо.инфо):   Хамгийн гол нь ямар болзолыг хангасан байх ёстой вэ?

Х.Б:   Хэд хэдэн гол шаардлага бий. Монгол улсын элчин сайдын яам үйл ажиллагаа явуулж буй улсад оршин суудаг. Тухайн улсад оршин суух зөвшөөрөлтэй байх гэх мэт. Үүнийг манай веб хуудсанд байгаа тодорхой мэдээллийг үзэж болно.

zurag-5

БЭ (Орлоо.инфо):   Тэгэхээр иргэд маань хийх эхний алхам юу вэ?

Х.Б:   Эхлээд манай сайт руу орж орон сууцны зээл хүсэх анкет бөглөнө. Банк зээлийн шалгуур хангасан эсэхийг шалгаад хариу илгээнэ. Тэгээд та Монголд байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөө (аав ээж, ах дүү г.м) сонгоно. Бичиг баримтаа бүрдүүлээд банкинд өгнө. Банк боломжит зээлийг тодорхойлно. Тэгээд банк болон итгэмжлэгдсэн төлөөлгч хоёр байраа сонгоод зээл олгох болон орон бууц худалдан авах үе шатуудыг дуусгаад байрныхаа түлхүүрийг гардан авна. 

zurag-6

zurag-7

БЭ (Орлоо.инфо):   Уучлаарай яриаг чинь тасалчихлаа. Заавал банктай цуг байраа сонгоно гэдэг чинь?

Х.Б:   Аан, Яахав сонгосон байр чинь банкны барьцаа болох учраас барьцаа хөрөнгөний шаардлага хангаж байх ёстой. Тэр үүднээс гэж ойлгож болно. Түүнээс банк таны сонголтыг хүндэтгэнэ.

БЭ (Orloo.info):   Боломжит зээлийг гадаадад суугаа хүн банкинд хандахаасаа өмнө өөрөө тооцоолж, ядаж барагцаалж болох уу? Манайхан тэгэх сонирхолтой байдаг шүү дээ.

Х.Б:   Болно, болно. Өөртөө эзэн байх юу нь буруу байхав. Манай Хас банкны сайт руу ороод Гадаад улсад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулсан зээл хэсэг рүү орж зээлийн тооцоолуур гэдэгт хандан өөрийн зээлээ тооцож болно.

БЭ (Orloo.info):   Танайхаас яг ийм зээлд хамрагдсан хүн байдаг уу? Ямар улсаас?

Х.Б:   Байлгүй яахав. Би ганцхан жишээ хэлье. БНСУ-д гэр бүлийн хамт ажиллаж амьдардаг Төмөрбаатарын Алтанцэцэг гэдэг бүсгүйг нэрлэж болно. Уучлаарай банкнаас авсан зээлдэгчийн нэрээр нь ярьж байгаа шүү. Энэ бүсгүй саяхан ирээд 5 хоногийн дотор зээлээ шийдээд түлхүүрээ авч ээжийгээ байрандаа оруулчихаад явсан. Тэр үедээ бидэнд баярласнаа илэрхийлсэн сэтгэгдэл, зурвас болон гэрэл зургаа ч үлдээсэн байгаа. Хүсвэл танд өгч болно.

БЭ (Орлоо.инфо): Тэгвэл маш сайн байна. Итгэл үнэмшил хэзээд илүүдэхгүй байх. Би заавал хавсаргана.

БНСУ-д ажиллаж амьдардаг Т.Алтанцэцэг болон түүнийг гэр бүл

12

Т.Алтанцэцгийн авсан шинэ байранд түүний ээж болон ар гэр нь одоо амьдарч байна

zurag3

Зээлдэгч Т.Алтанцэцэг байраа авч байх үедээ баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлсэн захидал илгээж байжээ.

zurag-9

Товчхондоо ийм бяцхан ярилцлага боллоо. Бусад банкнууд гадаадад байгаа монголчуудад зориулж ямар үйлчилгээ явуулдагийг асууж үзсэн. Зарим банкны орон сууцны зээл олгох шаардагдах нөхцөлүүд дунд дор хаяж 1-2 жил ажилласан байх ёстой гэсэн заалт явах юм. Тэгэхээр гадаадаас ирсэн хүмүүс маань энэ шаардлагыг хангах боломжгүй болчихоод байгаа юм.

Ер нь банкнууд маань орон сууцны зээлийг олгохдоо иргэд ямар, ямар шаардлага хангах ёстой гэдгийг би бас хэд хэдэн банкаар орж холбогдох хүмүүсээс нь товчхон асууж үзлээ.


Худалдаа хөгжлийн банкны Занабазар салбарын Данс хариуцсан ажилтан Н.Оюунтунгалаг


БЭ (Орлоо.инфо):   Би орон сууцны талаар мэдээлэл авах гэж явна. Гадаадад суугаа Монголчууд орон сууцны зээл авч болох уу?

Н.О:   Болохгүй. Заавал энд бие төлөөлөгч байж түүнийхээ нэр дээр зээлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл зээлдэгч нь энд байх ёстой. Ээж аавынхаа нэр дээр зээл аваад түүнийгээ гаднаас төлж болно гэсэн үг

БЭ (Орлоо.инфо):   Тэгвэл гадаадад байгаа Монголчууд маань хадгаламжийн данс нээлгэж болох уу?

Н.О:   Ер нь гарын үсэг зурах учраас бас боломжгүй.

БЭ (Орлоо.инфо):   Танайх гадаадад байгаа Монголчууддаа зориулж ямар нэгэн тусгай ажил явуулдаггүй гэсэн үг үү?

Н.О:   Одоогоор үгүй.

БЭ (Орлоо.инфо):   Зээл хөөцөлдөхөд ямар материал бүрдүүлэх вэ? Жагсаалт авч болох уу?

Н.О:   Болно. Би танд өгье

zurag 10


Хадгаламж банкны Төв салбарын эдийн засагч Б.Доржсүрэн.


БЭ (Орлоо.инфо):   Гадаадад суугаа Монголчууд орон сууцны зээл авч болох уу?

Б.Д:   Заавал эндхийн итгэмжлэгдсэн хүний нэр дээр зээл хөөцөлдөж болно.

БЭ (Орлоо.инфо):   Тэгвэл гадаадад байгаа Монголчууд маань хадгаламжийн данс нээлгэж болох уу?

Б.Д:   Болохгүй. Гарын үсгийн баталгаа гаргах ёстой.

БЭ (Орлоо.инфо):   Гадаадад байгаа хүмүүс маань хөдөлмөрлөж олсон мөнгөө монголдоо хадгалмаар байдаг. Гэтэл түүнийгээ яаж явуулах вэ гэдэг асуудал тулгардаг. Хүнээр, эсвэл мөнгө гуйвуулдаг байгууллагаар явуулж дундаас нь бас шимтгэл төлдөг. Эсвэл хамаатан садны хүн нь замаас нь урт богино хугацаагаар авдаг гэх мэт асуудал байгаам л даа.

Б.Д:   Гол нь гарын үсгийн баталгаа хэрэгтэй. Эсвэл итгэмжлэгдсэн хүний нэр дээр данс нээж гаднаас шилжүүлж болно

БЭ (Орлоо.инфо):   Ямар ч байсан л өөрийн нэр дээр данс нээж болохгүй нь ээ дээ?

Б.Д:   Гарын үсэггүй данс нээхгүй. Хуулиндаа байхгүй.

БЭ (Орлоо.инфо):   Зээл хөөцөлдөхөд ямар материал бүрдүүлэх вэ? Жагсаалт авч болох уу?

Б.Д:   Болно. Би танд өгье

zurag 11


ХААН банкны Төв салбарын ахлах эдийн засагч Б.Наранцэцэг.


БЭ (Орлоо.инфо):   Гадаадад суугаа Монголчууд орон сууцны зээл авч болох уу?

Б.Н:   Байхгүй. Манайх нэг хэсэг БНСУ-д байгаа тийм үйлчилгээ хийж байсан одоо больсон

БЭ (Орлоо.инфо):   Тэгвэл гадаадад байгаа Монголчууд маань хадгаламжийн данс нээлгэж болох уу?

Б.Н:   Бас л болохгүй. Уг нь тийм үйлчилгээ БНСУ-д байгаа хүмүүст нээдэг байсан. Бас л больсон.

БЭ (Орлоо.инфо):   Яагаад больсон юм бэ? Урьд нь болоод байсан юм биш үү?

Б.Н:   Урьд нь манайх БНСУ-д суугаа төлөөлгчөөрөө дамжуулдаг байсан болохоор болдог байсан. Одоо үгүй. Нэгд, шинэ удирдлагатай болсон. Хоёрт, 2011 оны 11 сараас Монгол банкнаас гарын үсэггүй данс нээхгүй гэсэн заавар ирсэн.

БЭ (Орлоо.инфо):   Зээл хөөцөлдөхөд ямар материал бүрдүүлэх вэ? Жагсаалт авч болох уу?

Б.Н:   Ерөөсөө та тэр гадаадад байгаа хүнээ надтай холбоо бариулчих. Би танд нэрийн хуудсаа өгье. И-мэйлээр надаас асуух зүйлээ асууж болно.

Ингээд гарч ирсний дараа надад дээрх хоёр хүний хэлсэн “Хуулиндаа байхгүй, Монгол банкны заавар бий” гэсэн хариултууд илтэд сонин санагдаад болдоггүй. Тэгээд Хас банк яаж шийдсэнийг асуухаар Хас банкны Х.Баясмаатай дахин холбогдлоо

БЭ (Орлоо.инфо):   Гарын үсгийн баталгаагүй бол данс нээхгүй гэсэн Монгол банкны заавар байдаг юм уу? Танайх энийг яаж шийдсэн бэ?

Х.Б:   Аан, Манайх тухайн орны Элчин сайдын яамаар дамжуулан гарын үсгийн баталгааг авч байгаа. Тийм учраас аливаа зээл хүсэгч болон данс нээгч нь Элчин сайдын яам үйл ажиллагаа явуулж буй оронд байх ёстой.

БЭ (Орлоо.инфо):   За баярлалаа.

За нэг иймэрхүү бичил ярилцлага хийснээ сийрүүлэв. Тодорхой ойлгомжтой байлгах үүднээс нуршсан мэт харагдаж мэднэ. Энэ дашрамд хэлэхэд аль нэг банкны үйл ажиллагааг муулах эсвэл дөвийлгөх гэсэнгүй. Байгаа байдлыг өөрийн биеэр явж асууснаа тэмдэглэв.

Аа тийм. Монголд байгаа банкнууд өөрсдийн харилцагч байгуулагатайгаа гэрээ хийгээд зээлийн хүүгээ бууруулдаг юм билээ.

Жишээ нь: Дээрх зээл хөөцөлдөж байсан Ш гэдэг залуугийн ажилладаг байгууллага нь Голомт банкны харилцагч бөгөөд банктай гэрээ хийсэн байсан учраас 1,3% –тай зээл авсан. Хэрвээ манай байгууллага том хариилцагч байсан бол 1% –тай ч зээл авч болох юм билээ гэж ярьсан шүү. Өөрөөр хэлвэл албан байгууллагаар нь хүүгийн төвшинг тогтоож байна гэсэн үг юм байна.

Мөн хэрэг болж мэднэ гэдэг үүднээс Монголд үйл ажиллагаа явуулж буй гол гол банкнуудын веб сайтын хаягийг зоолоо.

Доорхи хаягаас орж тухайн банктай танилцаж, харилцаарай хүмүүсээ.

http://www.tdbm.mn

http://www.khanbank.com

http://www.savingsbank.mn

http://www.xacbank.mn

http://www.golomtbank.com

http://www.mongolbank.mn/

Та бүхэнд амжилт хүсье!

Т.Бум-Эрдэнэ. 2013. 3 сар. УБ хот.


9411-4747, 9905-5561
service@orloo.com
Хан Уул Дүүрэг, "Peace Town" хотхон, 49В

© 2005-2024 Орлоо-Инфо ХХК.