Нэвтрэх / Бүртгүүлэх

call2banner

-Уучлаарай таны цаана байгaa зүйлийг авах гэсэн юм
-Хүүе! чиний цаана байгаа зүйлийг авмаар байна
-Уучлаарай, тантай нэгэн зүйлийн талаар ярилцах гэсэн юм
-Хөөш! чамтай нэг юм яримаар байна
-Таны алдрыг хэн гэдэг юм бол?
-Хүүеэ! чамайг хэн гэдэг юм бэ?
Хүмүүс бид өөр хоорондоо бодол санаагаа илэрхийлэх, харьцахад яриа нэн чухал.
Энэ яриа ямар өнгө аялгаар, ямар үгсээр илэрхийлэгдэж байгаагаас, цаад хүндээ янз бүрээр нөлөөлдөг. Яг үнэндээ бид, өөрийн бодол санаагаа бусдад илэрхийлж, хуваалцаж ярилцахдаа л баяр урам, гутрал бухимдалыг мэдэрнэ. Энэ үүднээс нь авч үзвэл ярианы соёл гэдэг нэн чухал зүйл ажээ.
Хүн бүр янз янзын ааш араншинтай байдаг лугаа, өөрийн хүсэл, бодол санаагаа янз янзаар л илэрхийлдэг. Зарим нь өөрийгөө ихэд дөвийлгөн, бусдад дээрэлхүү төрхөөр, зарим нь өөрийгөө ихэд дорд үзэж, бусдад зусардсан өнгөөр, нэг хэсэг нь бусдыг хүндэтгэн эелдэг харьцаж байхад, нөгөө хэсэг нь өөрийн бүдүүлэг байдлаа, тэнэг мулгуу хандлагаар илэрхийлнэ.
Ямартай ч хэл ярианы соёл гэдэг, бусдыг хэрхэн үнэлж, хүндэлж байдгийн хэмжүүр байдаг аж.

Хээгүй яриа
Монголчууд бид өөрсдийгөө цагаан цайлган, хээгүй гүндүүгүй байдлаар илэрхийлэх дуртай.
...Хэн нэгэн хүнтэй ярилцахдаа, дотноссон сэтгэлээ илэрхийлж, тухайн хүний сонирхсон, эс сонирхсон байдлыг үл харгалзан, хэрэгтэй хэрэггүй, сонирхолтой сонирхолгүй олон зүйлийг хамж шимэн ярьдаг хүмүүс байдаг. Тийм хүний хувьд хэн нэгэнтэй ярих нь чухал болохоос, юу ярих хэрэгтэй нь төдийлэн чухал бус.
...Хүнтэй ярилцахдаа илэн далангүй байдлаа илэрхийлж, өрөөл бусдад төдийлэн хамаагүй, өөрт хамаатай олон асуудлаа дэлгэн ярьдаг хүмүүс байдаг. Тэд тэр хэмжээгээрээ, өөрт хамаагүй бусдын асуудлыг ч сонирхон, яриулах гэж оролдоно. Тийм хүмүүс, ярьж байгаа хүнийхээ дал мөрөн дээр нь алгадах, энд тэнд нь нудрах зэргээр зэргээр авирлан, хээгүй байдлаа илэрхийлнэ. Харин өөрийн олон асуудлаа дэлгэж, өрөөл бусдын олон асуудлыг сонирхох энэ үзэгдэл, нэгэн цагт хов живийн эх үүсвэр болох нь олонтаа.

...Хүмүүстэй ярилцахдаа марзан шалиг маягаар яриа өдөж, шоолж тохуурхаад эсвэл тоглож наргиад байгаа нь үл мэдэгдэх төрхөөр ярьдаг хүмүүс багагүй байдаг. Тийм хүнтэй ярихад нилээд төвөгтэй. Заримдаа тийм байдлын улмаас инээх ч хэцүү, уурлах ч хэцүү байдалд орох тохиолдол зөндөө.

Мэндчилгээ болон талархлын үг
-Сайн байна уу? та
-Сайн, та сайн байна уу?
-Танд их гялайлаа
-Баяртай, та сайн яваарай
-Танд сайн сайхныг хүсье

Ямар ч хүнтэй уулзаж, ярилцаад салахдаа хэлдэг мэндчилгээний болон талархал салалтын үгсүүд байдаг. Зөвхөн монголчууд төдийгүй дэлхий нийтийн жишиг нь ч ийм. Ийм хэлц үгсийн хэллэг нь янз бүр боловч, утга агуулга нь ойролцоо. Энэ бол нэг ёсондоо хүнийг, хүнийх нь хувьд хүндэлж буйн нэг илэрхийлэл юм даа.
Монголчууд энэ талаар их баялаг, ёсорхуу хэллэгтэй төдийгүй, шүлэглэсэн хэлбрээр уран цэцэн өгүүлэх нь бий.
-Хэт нутаг хаана , хэрэг зориг юунд вэ?
-Та амгалан сайн морилж явна уу?
-За танд их гялайлаа, ачийг тань санаж явах болноо
-Та аян замдаа алжаалгүй сайн явж хүрээрэй
-Даага далантай, бяруу булчинтай онд тарган оров уу? гэхчилэн.
Даяаршил хөгжлийн хурдацтай энэ цаг үед, энэ бүхэн ихэд товчлогдон, амар хэлэгдэх болж дээ.
-Хай
-Юутай байна?
-Юу ч үгүй шив дээ
-Чамаар юу байна?
-Бас л юу ч үгүй
-За за байе
-Байе

Өдөр тутам ийн хэлэлцсээр бэлэг дэмбэрэл гэдгээ ч умартах болж дээ. "Амны бэлэгээс ашдын бэлэг" гэдэгчлэн, бэлэг дэмбэрэлгүй ийм хэлц, бидний амьдралд муугаар нөлөөлж байгаа хэмээн зарим хүмүүс нотлох. "Юу ч үгүй хоосон" гэх бидний өдөр тутмын мэндчилгээний хэлц, бэлэгдлээ байг гэхэд ярианы соёлд хэр нийцтэй юм бол? Монгол хэлэнд байдаг "мэндийн зөрөө" гэдэг ойлголт, нэгэн цагт их ёсорхолыг агуулсан, бэлэгдэлийн үгс байсан аж. Түүгээр ч барахгүй, тухайн хүнээ хэр зэрэг хүндэлж байгаагийн илэрхийлэл гэж үздэг байж.
-Хөөе! аав аа юутай байнаа? гэсэн хэллэгт хүндэтгэл тэгтлээ илрэх билүү? Ядахнаа л
-Сайн байна уу? ааваа. Таны бие амгалан уу? гэж асуувал арай дээр хүндэтгэл илрэх байхаа. Яаж ярих нь хүний эрх хэдий ч, хүндэтгэл, бэлэгдэлээ бодож ярьж байхын муу гэж үгүй.

Ярианы соёл
-Тантай ярилцаж байгаа, ямар ч хүнтэй хүндэтгэл, соёлтой харилцаж байх нь их чухал байдаг. Нэг талаас "хүн" хэмээн хүндэтгэж байгаагийн илрэл, нөгөө талаас таны танихгүй тэр хүн , хэн ч байж болох, маргааш хэн ч болж болох шүү дээ. Ямар ч хүнтэй эелдэг боловсон, соёлтой харилцдаг хүн, ийм харилцааныхаа төлөө хэзээ ч бусдын өмнө эвгүй байдалд ордоггүй юм.

-Хүнтэй харилцан, ярилцаж байхдаа нөгөө хүнийхээ ярьж буй үгийг ихэд анхааран сонсох нь их чухал байдаг. Энэ яриа танд таалагдсан ч эс таалагдсан ч, сонирхолтой эс сонирхолтой байсан ч ярьж буй зүйлийг нь гүйцэд анхааран сонсоно гэдэг, хүндэтгэлийн нэгэн хэлбэр. Учир нь тэр хүн танд л зориулж байгаа хэрэг. Ярьж буй хүнийхээ яриаг бүдүүлэгээр таслах, ярьж буй зүйлээс нь шал өөр зүйлийг ярих, үл тоомсорлосон, эсвэл шоолж тохуурхсан өнгөөр ярих нь, нөгөө хүнээ үл хүндэлсэн хэрэг төдийгүй, уг яриаг ямар ч хэрэгцээ ач холбогдолгүй, хоосон зүйл болгон хувиргадаг. Ийм олон үйлдлийн дараа, танд чин сэтгэлээсээ хандан ярих хүн тэгтлээ олдохгүй л болов уу.
-Хүнтэй ярилцахдаа, зөвхөн ярих гэж бодсон зүйлээ л ярихыг хичээ. Хамгийн гол нь таны ярих зүйл ойлгомжтой, товчхон байвал, та хоёрын яриа хэн хэнийхээ сэтгэлд нийцдэг. Зарим хүмүүс ярианыхаа явцад "ам нь халж", хаа хамаагүй зүйлийг хамж шимэн ярьж "хадуурдаг" муу зуршилтай. Ийм хүмүүсийг амаа авч давхин, хадуурдаг морьтой зүйрлэх нь бий. Ийм тохиолдолд таны яриа ямар ч утга учиргүй болж, хов жив, хэрүүл маргаанд хүргэх тохиолдол олонтаа.
-Өөрийн бодол санаагаа ярилцаж буй хүндээ тулгах, заавал хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдох нь, маргаан зөрчилдөөнд хүргэх эхний алхам. Хэрэв яриагаар санал нийлэхгүй бол, заавал маргалдаж, муудалцахын оронд, энэ сэдвээс зайлсхийсэн нь дээр байдаг. Харин тодорхой сэдвээр маргадаж мэтгэлцээд, өөрийн буруу ойлголтоо залруулах, зөв ойлголтоо баталгаажуулах нь үүнээс тэс өөр ойлголт юм.
-Нэгэн гэр бүлд хамтран ажилладаг хүмүүсийн зөрчилдөөнт асуудал нь утсаар ярих соёлд байдаг. Утсаар юуг ч юм хэт удаан ярих нь, дэргэдэх хүндээ ихэд төвөгтэй байдаг төдийгүй, эдийн засгийн хувьд ч ихэд хохиролтой. Уйдсан зарим нэгний утсаар удаан ярих сэдэв нь ихэвчлэн, хов жив, хэрүүл маргаан байдаг. Бие биейинхээ нүүрийг хараагүй байхдаа, утасны цаанаас улайх биш гэдэчлэн элдэв замбараагүй, бүдүүлэг хэллэг багагүй яригдана. Үгүй дээ л утсаар ярихдаа: "Сайн байна уу? намайг ....... гэдэг. Би ......тэй ярьж болох уу? гэж эхэлбэл хэн хэндээ тааламжит сэтгэгдэл төрүүлдэг. Харин ......тэй яриулаадах гэж шаардсан өнгөөр хэлбэл танд ямар санагдах бол? Гэртээ байж байгаад, хэн нэгэнд утсаар дарамтлуулахыг хэн ч хүсэхгүй шүү дээ.

Төгсгөл
Монголчуудын "тавхан үгэндээ танигдана" гэдэг хэллэгэээр, тухайн хүний хэн болох нь ярьж буй ярианаасаа мэдрэгддэг гэнэм. Тэгэхээр зөв соёлтой ярина гэдэг таны хүмүүжил, оюун санааны илэрхийлэл аж. Ядахнаа үйлээ хянаж, үгээ цэнэж, өрөөлийг хүндэлж, хариуд нь өөрийгөө ч хүндлүүлэх нь, таны сэтгэл санаа тайван, өөрдөг сайхан байхын үндэс.
Та ч гэсэн одооноос өөрийн ярианы өнгө, хэллэгээ анзаарч, засаж сайжруулж яагаад болохгүй гэж? Та бусдыг хүндэтгэж чадваас, бусад хүмүүс таныг хүндэтгэх буюу. Заавал зарлиг шийдвэр хүлээлгүйгээр, дор бүрнээ хичээн өөрчилж болох зүйлийн нэг нь энэ аж.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг.
Таны хэн болох нь тавхан үгэнд танигдана гэнэм.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e mail: gala_mn @yahoo.com 2009-07-12

Г. Галбадрах

 

Galbadrakh

Г.Галбадрах-н бичлэгүүд

Г.Галбадрах-н Их уншигдсан

  • Default Image
    3-р сар 07, 2012 Г.Галбадрах Гомбосүрэнгийн Галбадрах 2349

    ХАВАР цаг БҮСГҮЙ хоёр

    Хатуу өвөл халирах цаг дор хүн бүрийн сэтгэл гэгэлздэг. Ирж яваа цагийн өнгө, илч гэрлийн дулаанд шингэж, амьтай бүхэн сэргэж, үндэстэй бүхэн ургаж, үртэй бүхэн уяран жаргадаг цаг бол хавар.…
  • Default Image
    2-р сар 11, 2011 Г.Галбадрах Галбадрах 3202

    "ХАЙР" гэж юу юм бэ?

    Хүмүүс бие биенээсээ болон, заримдаа өөрөөсөө ийн асуудаг. Нэг л сайхан мөрөөдөл нэгэн цагт замхран одох мөчид, нэгэн сайхан учрал санаандгүй жаргал болон амилах мөчид, халаглах харамсах, баярлан…
  • Default Image
    6-р сар 08, 2009 Г.Галбадрах Г. Галбадрах 3864

    Хардах өвчин

    Монголчууд бид бие биедээ дурлаж, улмаар гэрлэмэгц, биэ биеэ өөрийн өмч гэж тооцдог базаахгүй зуршилтай. Өөр хэнийх ч биш, зөвхөн минийх л байх ёстой гэдэг бодол нь, өдөр тутам зүлгэж, арчилж, илж,…
  • Default Image
    9-р сар 11, 2010 Г.Галбадрах Гомбосүрэнгийн Галбадрах 2329

    Буун дуу юуг сануулаад байна вэ?

    Миний төрж өссөн Завхан аймгийн Завханмандал сумын нутгаар урсах Хүнгүйн голын эхэнд хэдэн мод ургасан байдаг сан. Нутгийнхан тэр орчмыг 'Гацаа"  гэж нэрлэдэг төдийгүй бүх л үеэрээ түүнийг хайрлан…
  • zurag3
    4-р сар 19, 2011 Ярилцлага Г. Галбадрах 4161

    БОЛОВСРОЛЫН "БРЕНД"

    Цуврал ярилцлага-14 Зургаанжингийн ЭнхмөнхГ.Галбадрах -Өөрийгөө товч танилцуулаач.З.Энхмөнх -Намайг Зургаанжингийн Энхмөнх гэдэг. Улаанбаатар хотод төрсөн. Г.Галбадрах -Хаана ямар сургуулиудад…

Г.Галбадрах-н Ярилцлагууд

  • mrsusa_2
    4-р сар 02, 2011 Ярилцлага Г. Галбадрах 7053

    "ХҮНИЙ ӨӨРИЙНХ Нь ДОТООД СЭТГЭЛД БУРХАН ОРШДОГ" /Цуврал ярилцлага-13/

    Бямбадоржийн ХандсүрэнНэг. Намтрын товчоон Бямбадорж овогтой Хандсүрэн нь 1987 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 1987-1988 онд Киев хотын Соёлын Их сургууль, 1988-1992 онд Харьков хотын Театр…
  • Urtnasan
    5-р сар 31, 2012 Ярилцлага Гомбосүрэнгийн Галбадрах 3171

    Гантулгын Уртнасан : ШАНДАСТ ХУРДАН ХҮЛЭГ- ГАЙХАМШИГТ МОРИН ХУУР

    ШАНДАСТ ХУРДАН ХҮЛЭГ- ГАЙХАМШИГТ МОРИН ХУУР Гантулгын Уртнасан"Монголчууд Америкт" цуврал ярилцлага-35 Нэг. Хурдан морины унаач хүүхэд -Г.Галбадрах: Хаана төрж, хаана өсөв дөө?-Г.Уртнасан: Би…
  • suvda1-500x500
    3-р сар 15, 2011 Ярилцлага Г. Галбадрах 5872

    МЭДЭЭЛЭЛ бол ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 12

    М. Сувдмааг яг хэлсэн цагтаа ярилцлагад ирэхэд нь "Ямартай ч ажил хэрэгч бүсгүй юм даа" гэж бодож амжив. Сувдмаагийн тухай нэг бус удаа сонсож байсан л даа. Түүнийг өдгөө Америкт төдийгүй дэлхийд нэр…
  • CIMG0625
    4-р сар 28, 2012 Ярилцлага Галбадрах 6315

    ХАРВАРДЫН СУДЛААЧ МОНГОЛ БҮСГҮЙ-\цуврал ярилцлага-28\

    Нэг.Намтрын товчоон-Нийслэлийн 23-р дунд сургууль-Анагаах Ухааны Их Сургууль-Армийн нэгдсэн эмнэлэгт эмч-Японы Яманаши АУИС докторын сургалт-АНУ Харвардын АУИС, Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн…
  • Suvdaa
    1-р сар 17, 2011 Ярилцлага Галбадрах 4900

    МЭДЛЭГ ЧАДВАРЫН ХОСЛОЛ-ЯРИЛЦЛАГА-ЦУВРАЛ 6

    Би Жагаа, Сувдаа хоёртой North Carolina-д анх Kerr.Lake нуурын эрэг дээр танилцсан юм. Харин өнгөрсөн зун, биднийг Америкт J-1 визээр ирсэн оюутнуудын асуудлыг хөндөж явахад тэд санаа нь зовж,…