• orloo-banner12
  • 1200x120 banner
Нэвтрэх / Бүртгүүлэх

Топ зарууд

Тодотгосон зарууд

Онцлох зарууд

ЗОХИОГЧИЙН БУЛАНД ШИНЭЭР

article thumbnailЗУРВАСХАН БОДЛУУД-13 Нөхөр, эхнэр, үр хүүхдүүдийнхээ хамт тусгаар амьдрах орчин нь гэр. Энэ бол зөвхөн тэдний л амьдралын орон...
article thumbnail\Лос-Анжелес хотноо болсон "Тулга -уран үгсийн чуулган"-ы тэмдэглэл\ ...Лос-Анжелес хотод буух бүрийд бүгчим халуун...
Ангилал:Г.Галбадрах   

Зүрх сэтгэлд минь үргэлжид дотно байдаг миний том дэлхий, миний жаахан ээж минь тандаа энэ өдрийн мэнд хүргэе! Таны биеийг өвдснийг сонсоод охин чинь хэд хоног үнэхээр таагүй байна. Ядаж байхад үүнийг сонсохоос ганц хоёрхон хоногийн өмнө нэг шөнө, шүднүүд маань аман дотроо үйрээд л унаад байна гэж таагүй зүүд зүүдлээд байсан. Шүд унаж байна гэж зүүдэлбэл эцэг эхэд муу гэдэг дээ тэгээд л би гэнэт “ухаан сууж” таны тухай бас өөрийнхөө тухай бодож сууна.
Ээж ээ... охин чинь тэнэг биш. Та минь тэнэг үр хүүхэд төрүүлээгүй бас биднийг тэнэгрэлтэй болгож ч өсгөөгүй. Харин охин чинь залуу насны харалган гэнэн,” элэг бүтэн”-ий жаргалаар таныхаа тухай ингэтэл эргэцүүлэлгүй удаж дээ. Хорин жилийн өмнө би хүүгээ төрүүлэхээр гурав хоног сэхээ сөгөөгүй өвдөж байхдаа алхаад яваад байвал хурдан хөнгөрдөг гэж сонсоод шөнөжин эмнэлгийн урт хонгилоор хоёр гурван мянган удаа тоолон алхдагсан.

Тэгж байхдаа би ядарч өвдөхийн эрхэнд бие засах өрөөнд ороод, ээж минь намайг ингэж зовж шаналан төрүүлсэн байхад би даанч ингэж явахдаа яах вэ дээ хэмээн таныгаа анх удаа ойлгож зүйрлэшгүй ихээр хайрлахдаа бусдаас нуугдан чин үнэнээсээ уйлж билээ. Тэр нулимс юутай үнэн байсныг та ч бас өөр хэн ч мэдээгүй өнгөрсөн. Мэдээд ч яах билээ тэр бол зөвхөн би мэдрэх бас надад ирэх ёстой ухаарал байсан юм чинь...

Тэрнээс хойш таныгаа чин сэтгэлээсээ хайрлан бодолгүй удаж дээ. 1999 онд таныг цөсний хагалгаанд ороод ухаан орохгүй байна гэхэд би Улаанбаатараас Дархан руу явах замын туршид таныгаа бодон гэмээ наманчилан уйлж явахад жолооч, ээж чинь өнгөрчихсөн юм уу хэмээн гайхан асуугаад үгүй гэхэд тэгвэл битгий уйл даа хэмээн аргадан ядаж билээ. Тэгэхэд таны төлөө гэхээсээ илүү, би ээжгүй болбол яанаа л гэж бодсон байхаа даа. Тэр нулимс харин охины чинь хувиа хичээсэн нулимс байсан болов уу гэж одоо бодогдоод явчихлаа.

 

Та нэг удаа надад, чи дандаа л аавдаа зориулж шүлэг бичдэг хэмээн ярианы завсар гоморхонгуй өгүүлж билээ. Тиймээ охин чинь одоо болтол таныхаа тухай шүлэг бичиж чаддаггүй юм. Таны тэр их өгөөмөр хайр, мөнхөд сэтгэлд хадагдан үлдэх энэрэл, зэмлэл, шимшрэлийг ганцхан шүлгэнд багтаан өгүүлж чадна гэж үү дээ. Та мэднэ дээ охин чинь угаасаа худлаа хий хоосон үг чамирхалд дургүйг... Та биднийг тэгж хүмүүжүүлсэн шүү дээ. Тийм ч болохоор таныгаа зүгээр ачтай энэрэлтэй хэмээн магтаж хоосон шүлэглээд ч яах юм билээ гэж бодож явдаг юм. Тиймэрхүү юм бичсэнээс бусдын бичсэнийг тандаа сайхан уншаад өгчихсөн нь дээр... Харин хайртай ээж тандаа болон ертөнцийн бүх ээжүүд, эх амьтдад би “ҮР ХУРМАСТЫН ӨМНӨ” зохиолоо чин сэтгэлээс бичиж зориулсан.

Сэлэнгэ надаас нэг удаа, чи ээжийгээ ямар үед жаргалтай байдгийг мэдэх үү гэж асуухад нь яагаад ч юм би тэр тухай бодож байгаагүйгээ санан гайхаж ямар үед баярладаг гэж хэмээхүйд, танай ээж хонь гаргаад гэдсийг нь арилгаж байх үедээ үнэхээр жаргалтай байдаг. Тэр үедээ үлгэр домог, хуучны үг яриаг эргэн тойрондоо байгаа хүүхэд үүхдэд ярьж өгөөд л за тэгээд тогоон дээрхиэ гарган хүн болгоны аяганд хуваарлин хийж байхдаа үнэхээр жаргалтай харагддаг гэж билээ. Би яагаад анзаараагүй юм бол оо... үр нь байж шүү... Нээрээ л тийм. Та малын гэдэс арилгаж байхдаа үргэлж л хуучны сонин сонин түүх ярьж малын дотор эрхтэнтэй холбоотой цэцэн үг хэлж эсвэл холбоотой домог оньсого хэлж таалгаж байдагсан. Дэлэн огтлоогүй дэрс огтлолоо ч гэдэг билүү дэрс авчруулж байгаад л нэг юмыг нь огтолдог байсан. Охин нь даан ч хол төсөө явж дээ. Аав бас танаас асуух нурууг асууж байгаад салгаж байдаг нь одоо санагдаж байна.

Ээж минь би таныхаа баярлахыг мэддэггүй шигээ тандаа бас магтаалын сайхан үг ч хэлдэггүй явж. Танд баярладаг мөртлөө зүгээр л дотогшоогоо залгиад өнгөрч байжээ. Магадгүй таныг дууриасан ч байж болох юм. Та минь бас магтаалд их харамдуухан хүн сэн. Наяад оны сүүлчээр билүү дээ Монголын радиогоор миний өгүүллэгийг нэвтрүүлэхэд та бид хоёр сонсоод л... Би тэр үед танаас магтаал сонсох гээд л, ээж ээ миний өгүүллэг гоё байна уу гэхэд та хэсэг дуугүй байснаа за байнаа л гэж билээ. Тэгэхэд би учиргүй гомдсон санагддаг юм. Тэрнээс хойш та миний олон ч зохиолыг радиогоор сонсож олон ч ном гарахыг харж гардаж авч байсан ч нэг ч удаа магтаж байгаагүй зөвхөн сайн байна гэдэг нэг л үг хэлдэг.

 

Гэхдээ энэ үгний цаадах сэтгэлд охиноороо бахархах бахархал байдгийг мэдэрдэг. Юу ч мэдэхгүй гэнэн охиноо магтаалд дасган толгойг нь эргүүлэхгүй гэсэндээ, өчүүхэн юманд хөөрцөглөн билгийн нүдээ сохлох вий гэсэндээ ингэж байдгийг үр чинь хэдийнэ мэдэх болсоон. Аав минь харин өөрөө бичиж, өөрөө хэвлүүлсэн юм шиг баярлан хоёр хацар дээр минь ээлжилэн шоп шопхийтэл дуутай үнсэж ёстой мундаг миний хө гэдэгсэн. Миний энэ захидлыг одоо аав танд дуудаж өгч байгаа. Та үнэхээр их баярласан бол уйлж байгаа зүгээр сэтгэл ханамжтай байгаа бол инээж байгаа. Би таныхаа дэргэд байгаа юм шиг л харж байна. Хайртай ээж минь би таныг өвдсөн ч хамаагүй шаналсан ч хамаагүй “ижил хэдэн үрдээ  “АМЬД” байж хайрла” гэж тэнэглэхгүй ээ. Зовон зовон, өвдөн шаналан амьд байх юм бол тэнгэрийн орон эндээс сайхан биз ээ. Харин таныгаа цаглашгүй их сэтгэлийнхээ тэнхээгээр өвчнөө даван туулан эдгэрч, хань ижил болсон аавтай минь хамт хөтлөлцөнхөн “АМЬДРААСАЙ” гэж л хүсэж байна.
 
Хүндэтгэсэн :
САЙХАН ЭЭЖ-ийн охин
МЗЭ-ийн гишүүн
Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
Зохиолч, сэтгүүлч Лхагвын ГАНТУЯА
АНУ
2012.08.15 15